Дэлхийд хөрөнгөөрөө тэргүүлдэг саятнууд дунд жирийн л нэгний адил хэрэглээтэй, бүүр харамч гэмээр амьдралтай хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ энэ байдал нь тэдний төрөлхийн зан ааштай их холбоотой байдаг гэнэ.
XX зууны америкийн хамгийн баян эмэгтэй Генриетта Хоуленд 1916 онд нас барахдаа 100 сая ам.доллар (одоогийн ханшаар тооцож үзвэл 20 тэрбум ам.доллар) өв болгон үлдээжээ. Тэрээр Чикагод хамгийн том байшинг өв залгамжлан авсан ч бүх л амьдралынхаа турш хамгийн хямд хөлсний байшинд амьдарсан гэдэг. Тэрээр захидал дээр наах хоёр центын үнэтэй марк хайн шөнөжин явсан ч гэдэг баримт бий. Хүү нь хөлөө гэмтээгээд яаралтай эмнэлэгт хэвтэх болсон тэр үед ч Генриетта гурван өдөр төлбөргүй, тусламжийн эмнэлэг хайсан гэдэг. Тогооч нь нэг шил сүүнд илүү мөнгө төлсний төлөө 82 настай саятан эмгэн түүнийг хөөж, цалингаас нь хасчээ.
Нефтийн хаан Жон Пол Гетти 30 жилийн өмнө дөрвөн тэрбум ам.доллартай учраас дэлхийн хамгийн баян хүн байсан юм. Гэвч тэрээр бүх зүйл дээр байнга хэмнэлт хийж байдаг нэгэн гэнэ. Жишээлбэл, хувийн эдлэндээ зочиддоо зориулан таксофон тавьжээ. Яагаад гэвэл тэрээр зочдынхоо ярианы төлбөрийг төлөхийг хүсээгүй байна. 1973 онд түүний ач хүү Жоныг барьцаалан барьцаалагч 17 сая ам.доллар нэхжээ. Гэвч өвгөн шууд татгалзжээ. Хүүгийнх нь нэг чихийг түүнд явуулсны дараа л өвгөн 2.7 сая ам.доллар өгөхөөр болсон аж.
44 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийд тэргүүлж байгаа Уоррен Баффет түүний дараагийн харамч нь гэнэ.Тэрээр хуучны Lincoln Towncar машинаараа одоо хүртэл явдаг төдийгүй 40 жилийн өмнө 30 мянган ам.доллараар авсан хуучин байшиндаа амьдардаг.
Тэрээр тансаг хэрэглээнээс аль болох дөлдөг. Түргэн хоолны газар хооллож, нийтийн тээврээр өнөөг хүртэл зорьчсоор байгаа тэрбумтанг харамч биш гэх үү.
Тетра Пак савлагааг үндэслэгч Ханс Раусинг олон жил хөгшин “Morris Minor”-оор машинаараа явсан аж.
Харин хэдхэн жилийн өмнө найман тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрээр машинаа солихыг хүсчээ. Гэхдээ Оросын Нива машинаар. Мөн тэрээр байнга жижиг дэлгүүрээр үйлчлүүлдэг байна.
28 тэрбум ам.долларын хөрөнгөтэй баян Швед эр “IKEA”-н үндэслэгч Ингвар Кампрад өөрийн бизнесээ хүүхэд байхаасаа эхэлсэн нэгэн. Тэрээр бөөний дэлгүүрээс харандаа, үзэг бал зэрэг хичээлийн хэрэгсэл аваад ангийнхандаа хоёр дахин өндөр үнээр дамлан зардаг байж. Харин одоо тэрээр дэлхийд тэргүүлэх тэрбумтан. Гэвч хамгийн хямдхан хоолтой зоогийн газарт хооллож, автобусаар явж, гурван одтой зочид буудалд буудаг. Харин амралтаа Шведийнхээ жижигхэн эрэг дээр загас барьсан шигээ өнгөрүүлдэг байна.
Гэрийнх нь бүх л тавилга өөрийнх нь “IKEA”-гийнх байдаг. 32 жил нэг л буйдан дээрээ суусан бөгөөд эхнэр нь солихыг хүссэн ч бүрээсийг нь л сольжээ.
“Google”-г үндэслэгч 33 настай Сергей Брин 11 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Гэхдээ тэрээр АНУ-ын жирийн л иргэн шиг гурван өрөө орон сууцанд амьдарч хямдхан Тоёото унадаг. Түүнд эдлэн газар, дарвуулт завь байхгүй. Мөн заримдаа дугуйт тэшүүрээр ажилдаа явдаг. Тэрээр Сан-Францискогийн хямхан ресторанд хооллодог.
Харамч нарын нэг нь хатагтай Бекхэм гэсэн шүү. Тэрээр нөхрийнхөө тоглолтыг үзэхээр Манчестерийн цэнгэлдэх хүрээлэн рүү нэг бус удаа трамбайгаар явсан гэнэ.
Зөвхөн хувьдаа 18 сая ам.долларын хөрөнгөтэй ч тэрээр Германы хямдхан Blue Nun дарс уудаг. “Christian Dior”-оос илүүтэйгээр энгийн л нэгэн дэлгүүрээс өөрт таалагдсан хувцсаа аваад өмсчихдөг гэнэ.
Алдарт Мадонна 150 саяын хөрөнгөтэй ч зарцуулж буй зоос бүрээ нарийн тооцдог гэнэ. Тэрээр Кенсингтон дахь эдлэнгийнхээ утасны мөнгийг төлөхдөө заавал жагсаалтаа авч маш нарийн шалгадаг байна.