“Хөөе, чи мөнгөө өгөөдөх! Эсвэл буу!” гэж хэлээд нэг сурагчийг автобуснаас кондуктор зандарсаар буулгах нь энүүхэнд. Гэвч жавартай өглөө сургууль руугаа алхаж яваад хөлөө хөлдөөсөн хүүхдийн хохирлыг автобус компани нөхөн төлөхгүй, кондуктор хариуцна гэж бүр ч байхгүй. Өнөөдөр автобусны мөнгөгүй тэр хүүхдүүд Монголын ирээдүйн Ерөнхийлөгч, эрдэмтэн, олимпын аварга, багш, эмч. Харамсалтай нь, 200 төгрөгөөс болж хүүхдүүдийнхээ хүмүүжил, гоо зүй, эрүүл мэндээр нь торгож шийтгэх эрх бидэнд байгаа бололтой.
Ахлах ангийн сурагчийг 200 төгрөг төлөөгүйн төлөө кондуктор нүүрийг нь маажсан хэрэг саяхан гарсан. Автобус компанид нь гомдол гаргатал тэр кондуктортой ярь гээд тоогоогүй байна. Харин кондуктор зүй ёсны шаардлага тавьж мөнгө нэхэхэд өгөөгүй гэсэн тайлбар хийжээ. Энэ хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр шүүхэд хандсан баримт ч бий.
Хоёрхон ширхэг зуутын дэвсгэртээс болж өдөр бүр автобусанд маргаан үүсч, хүүхдүүд сэтгэл зүй, эрүүл мэндээр хохирох явдал гарсаар байна. Ангийнхаа хүүхдийг амттай зайрмаг авч идэхэд нь тэсэлгүй гэртээ харих 200 төгрөгөө үрчихсэн сурагчийг буруутгах хэцүү. Автобус компани, монголчууд бид тэр балчир хүүхдийн 200 төгрөгөөр дутлаа гэвэл хэн ч итгэхгүй. Эдийн засаг оргил үедээ хүрлээ, ДНБ-ний хэмжээ 2000 ам.доллар давлаа, цаашид дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн Монгол Улс багачуудаасаа 200 төгрөг нэхээд нүүрийг нь маажиж байна гэж олон улс мэдвэл ичгүүртэй.
“Монгол Улсын иргэн 18 нас хүртлээ үнэ төлбөргүй суралцах эрхтэй” гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Эрхээ эдэлж байгаа сурагчаас өдөр бүр 200 төгрөг, том биетэй бол 400 төгрөг нэхэж байгаатай та хэр олон таарч байсан бэ. Сурагчийн үнэмлэхээ үзүүл, эсвэл мөнгөө нэм. Чадахгүй бол буугаад алх гэж хатуу үгээр кондукторууд сурагчдыг зандарна. Нийслэл хотын хувьд уг нь, олонхи сурагч гэрийнхээ ойролцоо орших сургуульд суралцдаг. Тэгвэл 32 мянган сурагч өдөр бүр автобусаар зорчиж, хичээлдээ очдог гэсэн баримт бий. 4000 гаруй нь л кондукторт үзүүлэх гэж сурагчийн үнэмлэх авчээ. Үлдсэн нь өдөр бүр 400, 200 төгрөгийн хэрүүлтэй явна.
Сурагчийн үнэмлэх олгодог албан ёсны байгууллага нь Монголын сурагчдын холбоо. Тус холбоо 2005 онд сурагчдыг тээврийн хэрэгслээр хямд зорчих боломжийг баталгаажуулахаар Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газартай гэрээ байгуулсан байна. Гэрээнд хүүхэд том оврын автобусанд 100 төгрөгөөр зорчино гэсэн заалт оруулсан ч нөгөө л юмны үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаанаар 200 төгрөг болгосон аж. Сурагчид үнэмлэхээ сайн дураараа авах бөгөөд нэг удаа 1500-2000 төгрөг төлөөд хоёр жил ашиглах боломжтой. Энэ үнэмлэх байхгүй тохиолдолд задгай 200 төгрөг л кондуктор өгөхгүй бол бүхэл мөнгө өгвөл 400 төгрөгийн тасалбар авах хэрэгтэй болно.
Гэтэл автобус компаниуд сурагчийн 200 төгрөгөөр дутаад байна гэж үү. Ийм асуулт хариу нэхнэ. 160 мянган оюутанд сар бүр 70 мянган төгрөг өгч, нийтийн тээвэрт “үнэгүй” зорчуулна. “Үнэгүй” гэдэг нь жилдээ 4800 төгрөгөөр наалт авах л даа. Ахмадууд бас жилдээ нэг удаа үнэмлэхээ сунгуулаад мөнгөгүй зорчино. Цагдаа нар төрийн хувцастайгаа бол мөнгө төлөхгүй. Ихэнх бизнес эрхлэгч, залуус машинтай учраас автобусанд суух нь ховор. Сүүлийн үед нийтийн тээврийн компаниудад орлого бүрдүүлэгч хэсэг нь хүүхдүүд болчихов уу тэгэхээр. Яагаад гэвэл тэднээс кондукторууд мөнгөө авахад хялбар, загнахад амар, болохгүй бол чихдээд буулгачихаж дөнгөнө. Гэтэл зарим согтууг хэдэн муу үгээр утаад л өнгөрдөг биш бил үү...
Хүүхэд бол амьд явах, эрүүл орчинд амьдрах, суралцах гээд үндсэн эрхийнхээ адил үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чухал эрхийн эзэн. Гэвч тэдэнд энэ эрхээ эдлэх чадвар, үгээ хэлж, томчуудад дуу хоолойгоо хүргэх боломж хомс. Хэчнээн идэвхтэй, эрч хүчтэй, “чанга” хашгирлаа ч улстөрчид тоодоггүй. Учир нь, хүүхдүүд бол улстөрчдийн бай биш гэх буюу сонгуульд оролцож санал өгдөггүй болохоор тоож хэлэлцдэггүй аж.
Харин оюутан, ахмадууд, төрийн байгууллагынхан, бизнес эрхлэгчдийн асуудлыг шийднэ, эрх зүйн орчинг сайжруулна, тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэдэг нь улстөрчдийн хамгийн үр дүнтэй PR. Монголын сурагчдын холбооныхон Ерөнхийлөгчтэй уулзаж хүүхдийг үнэгүй автобусаар зорчуулах хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Хариуд нь Ерөнхийлөгч “Хүүхэд өөртөө тохирсон хэмжээгээр төлбөр төлж байх хэрэгтэй” гэжээ. Үүний цаад санаа нь өнөөдрийн томчууд шиг бэлэнчлэх сэтгэлгээнд автаж, үнэгүй юманд ууссан биш аливаа зүйлд үнэ цэнэтэй, ухамсартай ханддаг болоосой гэснийх биз.
Сүүлийн үед сургууль болгоныг сурагчийн автобустай болгох ажил эрчээ авч, ихэд үр дүнтэй мэт санагдана. Гэтэл тэр нь эргээд сурагчдын гэр бүлд, ээж аавд нь эдийн засгийн бас нэгэн дарамт болох эрсдэлтэй. Нөгөө талаарс сургууль бүр данстай хөдөлдөггүй унаа бий болох магадлал тун өндөр. Өнөөдрийн байдлаар 40 сургууль 83 автобусаар хүүхдүүдээ зөөдөг гэх тоо бий. Нөгөө талаар сургууль бүрийг автобустай болгосноор хүүхдүүдийн нийтийн тээврийн асуудлыг шийдчихлээ гэсэн үг биш.
2005 онд МСХ-ноос нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээнд 14 хүртэлх насны хүүхэд автобусанд үнэгүй зорчино гэж “хууль бус” заалт оруулжээ. Учир нь, Монгол Улсын хуульд хүүхэд автобусаар үнэгүй зорчино гэсэн заалт огтхон ч байдаггүй гэнэ.
Энэ бүхнээс үүдээд сургуулийн автобуснаас илүүтэй, хүүхдээс 200 төгрөг л авдаг хүнлэг энэрэнгүй кондуктортой болгох ажлыг даруй эхлүүлвэл зохилтой. Ядаж л том биетэй, ахлах ангийн сурагчдыг зандарч загнадаг явдлыг зогсоох нь зүйтэй.
Афины олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар саяхан “Би бэлтгэлдээ явахдаа ээжээс автобусны мөнгө авна, заримдаа ээж мөнгө өгөхгүй болохоор гүйгээд л явчихдаг” гэж ярьсан. Тэгвэл алхаад очиж чадахааргүй хол гэртэй жүдоч хүүхэд бэлтгэлээ яах вэ? 200 төгрөг олдохгүй өдөр хүүхдэд битгий хэл томчуудад ч тохионо. Нэг өдрийн бэлтгэл тасалж, мэх дутуу сурснаас болж ирээдүйн аваргын хувь заяа эргэж мэднэ.