Бельгийн шүүхэд нэгэн гэр бүл салах өргөдлөө өгөөд байна. 19 жилийг хамтдаа туулсан хос маш хачин шалтгаанаар салахдаа тулжээ. Гэрийн эзэн Жан 20 шахам жил хамт амьдарсан эхнэрээ үнэн хэрэгтээ эрэгтэй хүн байсныг олж мэджээ. Тэрээр Бельгийн иргэн биш Моника хэмээх бүсгүйтэй 1993 онд танилцаж, гэр бүл болох гэтэл төрсний гэрчилгээнээс эхлээд бичиг баримтын нэлээд зөрчилтэй байж. Гэвч хайртай бүсгүйгээ гэргийгээ болгохын тулд тэрээр цагаачлалын албаар нэлээд хөөцөлдөж байж, Моникаг Бельгийн иргэн болгожээ. Жан өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй байсан учраас хүүхэдтэй болоод яах юм гэсэн эхнэрийнхээ саналыг ч зөвшөөрч, тэд хэдэн жил сайхан амьдарчээ. Гэтэл сүүлийн үед Моникагийн зан ааш, биеэ авч яваа байдал өөрчлөгдөж, ажилтай нэрээр гадуур зугаацах нь илт мэдэгддэг болжээ. Бүр түүний онлайн хаяг руу янз бүрийн залуусаас хайрын захидал ирэх болсныг Жан мэджээ. Гэтэл энэ үед түүнийг угтаа бол эрэгтэй хүн байсан, хүйсээ солиулах мэс засал хийлгэж эмэгтэй болсон гэдгийг тэрээр Моникагийн найзаас сонсчээ. Жаны хүүхэд ч энэ тухай яриаг сонссон байна. Галзууртлаа уурласан Жан эхнэрээ зодож, бүх үнэнийг мэдсэн гэдгээ хэлсэн бөгөөд цагдаагийнхан ирж тэдний салгажээ. Жан гэр бүлээ цуцлуулах өргөдөл шүүхэд гаргаад байгаа ч эхнэр Моникагаа гэрээсээ хөөхийг шүүх зөвшөөрөөгүй гэнэ.
Тэрээр энэ олон жилийн турш хууртагдаж, трансжендер хүнтэй дэр нэгтгэж явсандаа маш их гутарч, сэтгэлийн гүн хямралд ороод байгаагаа Het Nieuwsblad сонинд ярьжээ. Тэрээр энэ олон жил Моникатай хамт амьдрахдаа ямар ч сэжиг төрж байгаагүй, юу ч анзаараагүйдээ өөрөө ч гайхаж байна. Моника хэдийгээр хүйс солиулах мэс засал хийлгэсэн ч эмэгтэй хүн шиг өндгөн эс боловсруулж, үр хүүхэд төрүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, түүнд сарын тэмдэг үзэгддэггүй гэсэн үг. Гэвч тэрээр эрэгтэй гэдгээ нуухын тулд сар бүр нөхрөө хуурдаг байсныг Жан хожим мэджээ.