Түүнийг өдөрт 40 ширхэг тамхи татаж, литр литрээр нь кофе ууж, дөрөвхөн цаг л унтдаг гэж ярьдаг. Бусад цагт нь камерийн өмнө л байдаг. Тэрээр өөрийнхөө ажлыг “ Би зүгээр л нэг кинонд тоглох ёстой гэж дүрдээ ордоггүй, би тэнд амьдарч бас үхдэг” хэмээн ярьдаг.
Эдүгээ 72 настай энэ эрийг хэн ч тачаангуй гэж тодорхойлж байгаагүй. Гэхдээ түүний тоглосон киног үзэхээр мянга мянга хүн дугаарлан, тасалбар нь хамгийн их гүйлгээтэй байдаг.
Альфредо Жеймс Пачиног бид “Загалмайлсан эцэг” киногоор нь андахгүй. 1940 оны дөрөвдүгээр сарын 25-нд тэрээр америкийн хамгийн том хотын нэгэн гэр бүлийн цорын ганц хүү болон мэндэлжээ. Хүүг дөнгөж хоёрхон настай байхад эцэг нь орхин одож, ирээдүйн од маань тарчигхан амьдрал дунд өссөн гэдэг. Нью-Йоркийн гэмт хэрэг хамгийн их гардаг ядуусын гэх тодотголт Бронк дүүрэгт тэрээр эмээгийнхээ хажууд өссөн аж. Эмээ нь түүнийг элдэв муу зүйлд орооцолдох вий гэхдээ хажуунаасаа огтхон ч холдуулдаггүй байж. Хүүгийн байнга очдог газар бол жижигхэн кинотеатр л байлаа.
Өөр амьдрал
14 настайдаа хүү театраар “өвчилчихжээ”. Өвчнийх нь шалтгаан нь Чеховийн “Цахлай” жүжиг. Тэрээр энэ жүжгийг үзсэнийхээ дараахан жирийн коллежоос урлагийн сургуульд орохоор шийджээ. Харин ээж жүжигчин байна гэдэг баячуудын хүүхдийн сонгох ажил. Толгойноосоо энэ тэнэг бодлоо авч хая. Мөнгө олох ажил л олж хий хэмээн ээж нь илт дургүйцэв.Гэвч Пачино өөрийн санаа өөртөө зөв хэмээн ээжээсээ нуугдан барин жүжигчний сургуульд суралцаж эхэлжээ. Өөрийнхөө шинэ амьдралд тэд үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Гэвч амьдрал түүнээс мөнгө шаардаж байлаа. 17 насандаа аргагүйн эрхэнд жүжигчний сургуулиа орхин ажил хийж эхлэв. Энд тэндгүй л ажил хийж хэдэн зоос олчих санаатай гүйж байсан боловч түүнд таалагдах нь байсангүй. Төрөлх хотынхоо, цаашлаад дэлхийн томоохон театрын тайзнаа гарах хүсэл нь л амар тайван байлгахгүй зовооно. Халаасандаа цөөн хэдэн төгрөгтэй болонгуутаа л Ли Страсбергийн жүжигчний сургуульд элсэхээр шийдэв. Тэрээр сайн суралцагч байлаа. Оюутан ахуйдаа тоглож байгаа дүр бүр нь түүнд амжилт авчирдаг байв. Хэдийгээр кино ертөнцийн үүд аажим аажмаар нээгдэж байсан тэрээр хэний ч танихгүй залуу жүжигчин хэвээр л байлаа. Кинонд тоглоно гэдэг биелэх эсэх нь тодорхойгүй зүүд шиг л санагдана.
Нэг л өглөө од болон гялалзав
1972 он. Найруулагч Фрэнсис Коппола алдарт “Загалмайлсан эцэг” зохиолоор кино хийхээр шийдэв. Гэхдээ гол дүрд нь хэний ч танил бус жирийн нэгэн жижигхэн театрын жүжигчин залууг тоглуулахаар урьжээ. Гэтэл киноны гол хөрөнгө оруулагч “Парамаунт” фирм энэ шийдвэрээ эргэн хараач гэсэн санал найруулагчид тавих болов. Харин найруулагч өөрийнхөө сонголтод итгэлтэй байлаа. Авьяаслаг энэ залуу алдарт Жек Николсоныг дагуулахгүй чадварлаг тоглож байгаа нь олон хүнийг алмайрахад хүргэжээ. “Загалмайлсан эцэг” кино дэлгэцэнд гарсан даруйд Аль Пачино Америкийн хамгийн алдартай авьяаслаг 10 жүжигчний нэгээр зүй ёсоор тодров. “Оскар”-аас авахуулаад кино ертөнцийн хамгийн дээд шагналуудыг тус киноны уран бүтээлчид түүлээ. Аль Пачиногийн зураг нэр томоохон сэтгүүл сонины нэгдүгээр нүүрнээс салахаа болив.Түүнийг кинондоо тоглуулахаар урих найруулагчдын тоо ч олон болов. Саяхан л кинонд тоглохсон гэж мөрөөдөж байсан залуу гэнэт ийм өндөр алдарт хүрнэ чинээ зүүдлээ ч үгүй нь ойлгомжтой. Түүний тоглосон кинонууд үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Толгой эргэм амжилт мөнгө. Харамсалтай нь аз жаргал, амжилт хүнийг мөнхөд дагадаггүй. Түүний нэр алдар аажмаар унаж байлаа. 1980-аад оны эхээр тоглосон “Эрэн сурвалжилж байна”, “Бобби Дирфилд” зэрэг киног нь үзэгчид пөөх паах шал хэрэггүй юм хэмээн хүлээж авах нь тэр. Ийн гэнэтийн уналтдаа цочирдсон Пачино бүх л бүтэн зургаан жил киногоо орхиж, нийгэмд хэрэггүй хог шар шиг амьдрах болжээ.
Архинд донтож, хордлогын эмнэлэгт хэвтлээ. Нэг хэсэг сайн эмчлүүлж аваад тэрээр кинондоо эргэж ирэхээр шийдэв. Гэхдээ найруулагчаар. Өөрийнхөө мөнгөөр “Гутамшигт тохиролцоо” кино найруулан хийж дэлгэцнээ гаргав. Хэдийгээр хүссэн амжилтдаа хүрээгүй боломжийн мөнгө олов. Харин Аль ДПачино өөрийгөө голжээ. Жүжигчнээ л хийсэн нь дээр гэж боджээ.1989 он “ Загалмайлсан эцэг” киноныхоо гуравдугаар ангид тоглолоо. 1997 онд “Чөтгөрийн өмгөөлөгч “кинонд тоглосноор өөрийгөө харих болоогүй, Холливудад хэрэгтэй хүн гэдгээ баталж чадав.
Хувийн амьдрал
Түүний амьдрал нууцлаг том хар хөшигтэй. Тэр хэзээ ч гэр бүл, хувийн амьдралаа бусдад дэлгэхийг хүсдэггүй. Бүсгүйчүүд түүний амьдралд хангалттай олон байсан. Гэхдээ хэзээ ч эхнэртэй байгаагүй. Аль Пачинод таалагдана гэдэг амаргүй. Хайр сэтгэлийн холбоотой байсан бүсгүйчүүд л бүгд л жүжигчин байж. Түүнийг хууль ёсны нөхрөө болгочих хүсэлтэй эмэгтэйчүүд олон байсан ч залуу хэзээ ч гэрлэхгүй гэдгээ шуудхан л хэлдэг байж. Тэрээр анх драмын сургуулийнхаа багштай нэр холбогдож, бүсгүй ч түүнийг эр нөхрөө болгохыг хүсчээ. Охинтой болж, эцэг тогтоолгох шинжилгээ хүртэл хийлгэжээ. Хэдийгээр анх охиноо хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, шинжилгээний дүн хараад хүүхэдтэй болсондоо маш их баярлажээ. Аль болох охинтойгоо олон цагийг хамт өнгөрөөхийг хүсдэг байсан ч түүний ээжид төдийлэн анхаарал халамж тавьдаггүй байжээ. 2001 онд Беверли Де Анджело хэмээх үзэсгэлэнт бүсгүй түнд мөн хоёр ихэр хүүхэд төрүүлж өгчээ. Аль Пачино энэ бүсгүйтэй хамгийн удаан буюу таван жил хамт амьдарчээ. Гэвч тэрээр гэр бүлийн амьдралыг төвөгшөөн салж оджээ. Өнөөдөр тэр 68 настай. Гэвч түүнийг гэр бүлээс илүү театр нь кино урлагтаа үнэнч хэвээр. Гэхдээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх тун дуртай. Том охин Жули Мари Пачино нь 17 настай, харин Антон, Оливи нэртэй хоёр ихэр нь долоон настай. Хэдийгээр тэрээр гайхалтай нэр алдарт хүрч байсан ч хэзээ ч оддын өвчнөөр өвчлөөгүй. өнөөдөр сая сая ам.долларын шагнал авдаг бөгөөд түүнээсээ багагүй хэсгийг ДОХ-той тэмцэх төв, болон өлсгөлөнгийн аюул нэрвэгдээд байгаа хүүхдэд хандивладаг.
“Загалмайлсан эцэг”
“Хайрын тэнгис”
“Эмэгтэй хүний үнэр”
“Карлито орох зам”
“Барьцаа”
“Чөтгөрийн өмгөөлөгч”
“Бүтэн сайн өдөр”
“Оушений 13 найз”