“Авьяаслаг британичууд” нэвтрүүлгээр од болсон дуучин Сьюзан Бойл Нью-Йорк хотод найзуудтайгаа амарч явна. Энэ долоо хоногт худалдаанд гарсан “Standing Ovations” хэмээх шинэ цомгийнхоо сурталчилгааны ажлаас түр хөндийрсөн тэрээр зул сарын бэлгээ бэлтгэхээр Нью-Йоркийн дэлгүүрүүдийг хэсэх шиг болжээ. Тэрээр зөвхөн “Tiffany”-гийн үнэт эдлэлийн дэлгүүр орохдоо л 19 мянган ам.доллараар гоёл чимэглэлийн зүйлс худалдан авсан байна. Үүний ихэнхийг тэрээр ирэх зул сараар ойр дотныхон, найз нөхөддөө бэлэглэхээр авсан гэнэ. Британийн жирийн нэг хөдөө тосгоны эмэгтэйгээс дэлхийн хэмжээний од болон гялалзаж, 300 сая ам.долларын хөрөнгөтэй болсон Сьюзан Бойл ийм хэмжээний бэлгийг найз нөхөддөө өгөх бэл бэнчинтэй болжээ.
Сьюзан Бойл АНУ-д зөвхөн амрах гэж ирээгүй бөгөөд Лас Вегас, Невадад Донни Осмондтой хамтран дуулж, нэгэн цагт түүнийг “Авьяаслаг британичууд” нэвтрүүлэгт шүүж байсан Пирс Морганы ток шоунд оролцож, ярилцлага өгчээ.