“Өнөөгийн нийгмийн хямрал бидний эх хэлний боловсролтой шууд холбоотой” гэж хэлбэл “за юун сүртэй юм” гэж ихэнх нь бодох биз. Учир нь өдөр тутмын хоол унд, хувцас хунар гэх өнөө маргаашаа аргацаан ахуй хөөцөлдсөн, оюунлаг бус энэ амьдралдаа бид дэндүү дасчээ. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр болоод бүтээд байгаа юм шиг санагдах өдөр хоногууд үргэлжилсээр боловч тартагтаа тулсан нийгмийн доройтол ялзрал бидний амьдралын жирийн хэм хэмжээ болчихсон байна гэж бодохоор гунигтай санагдана.
Болох л байлгүй гэж өөдрөг царайлаад явбал юу ч бодож сэтгэх, хийх шаардлага мэдээж байхгүй. Харин болохгүй байгааг ойлгоод, учир шалтгааныг эрж хайсан хэн хүнд бүх юм боловсролтой холбоотойг олж харахад тийм ч хэцүү биш. Тэгээд ч боловсролын ач холбогдлыг улс орны оршин тогтнох үндэс гэж манайхан дээр доргүй ярих дуртай. Гэхдээ ингэж ярьж байгаа зүйлээ гүн гүнзгий ухаж ойлгодог юм болов уу. Боловсрол тэр дундаа эх хэлний боловсрол бидний өнөөгийн ядуурал доройтлын гол үндэс юм байна гэдгийг бидний хэд нь ойлгож яваа бол? Өөрсдийгөө хуурах ойлголтыг өөрсдөө бий болгочихоод, түүндээ төөрөлдөж явах шиг эмгэнэл бий гэж үү.
Хэл бол хүмүүсийн харилцааны хэрэгсэл төдийгүй төрөлх хэл дээрээ бидний бодол явагддаг юм байна. Тэгэхээр эх хэлний боловсрол гэдгийг хүний бодолтой холбож үзэх юм бол эх хэлний доройтол гэдэг нь бодол санааны доройтол бөгөөд энэ нь ядуурлын учир шалтгаан биш гэж үү. Өөрөөр хэлбэл, яаж бодож байгаагаас бидний юу хийж байгаа бүхэн хамааралтай гэсэн үг. Социалист нийгэмд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэж бодохыг хүмүүст уриалж байж харин одоо бид ямар бодлыг эрхэмлэх ёстой гэж? “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн бодол юунд хүргэх бол?
Аливаа нийгмийн хөгжлийг дагаад эх хэл ч бас боловсронгуй болж, хуучин хүү шинэ хүү болдгийн жишгээр хуучин ойлголт шинэчлэгдэн, шинээр үг нэмэгдэж, шинэ мэдрэмж, шинэ мэдлэг, ухагдахуунаар сэлбэгдэн урагшилдаг баймаар. Гэхдээ энэ үйл ажиллагааг төр туйлын нарийн бодлогоор хэрэгжүүлэх учиртай. Гэтэл манайд 80-90 ээд оноос эхэлсэн нийгмийн өөрчлөлтөд зохицох эх хэлний хөгжил зүй ёсоор явагдсангүй. Өч төчнөөнөөр үйлдвэрлэсэн зарлиг, тогтоол нь ч нэмэр болсонгүй, эх хэлээ бид зөнд нь хаясан бололтой. Тэртэй тэргүй бүх юм эмх замбараагүй, худал хуурмаг болсон өнөө үед тэр бүр ил харагдахгүй ч эх хэлний боловсролын хоцрогдол нийгмийн гол гогцоо асуудал болсоор байгааг зарим нийтлэг жишээ баримтаар өгүүлье.
Мэргэжлийн ойлголт, нэр томъёо гаднаас анх л нэвтэрч орж ирэхдээ цэгцгүй, хүмүүс нэгдмэл байр суурьгүй хүлээж авснаас буруу зөрүү ойлголт төрж, яваа яваандаа манай мэдлэгийн бүх салбарыг гүн хямралд оруулсан юм. Үүнийг уг нь, цаг алдалгүй засаад явах ёстой юмсанж. Зөвхөн гаднаас орж ирэх мэдлэг төдийгүй эх хэлний хичээлийн тухайд ч манайд нэгдсэн бодлого байхгүй тэр хэрээр нэгдсэн ойлголтод хүрч өгдөггүй зовлон бий. Тэр ч байтугай, Монголын түүхийн зарим сэдвийг сургууль бүрт өөр өөрөөр зааж буй нь зарим талаараа ялсан намын эрх ашигтай шууд холбоотой бололтой. Томоохонд тооцогдох салбарын эрдэмтэд ч өөр өөрийн онолтой болж, түүгээрээ ном сурах бичиг туурвих нь бүүр наад захын үзэгдэл болж. Жишээ нь МУИС, МУБИС-ийг төгсөгчид монгол хэлний нэг сэдэв дээр хоёр өөр онол үзэж, тэр ч бүү хэл багш бүр хоорондоо бичиг үсгийн ялгаатай дүрэмтэй гэж бодохоор эх хэлний хямрал гэдэг ойлголт өөрийн эрхгүй бидний толгойд бууна. Энэ байдал цааш үргэлжлэхийн хэрээр мэдлэгийн нэр томъёо, зарим үндсэн ойлголт орчин үеийн шинжлэх ухаанаас тэс өөр хэлбэрт орж тэр ч байтугай сүүлийн жилүүдэд манайд сүрхий дэлгэрч буй сүсэг бишрэл, далдын хүчтэй холбогдон, шинжлэх ухаанч боловсролын агуулгыг үндсээр нь өөрчлөхөд хүргэж байна. Барьцтай, нотолгоотой мэдлэгийн үүд хаалга нээлттэй бус учир хүнээс шууд хамааралгүй, гадны янз бүрийн хүчин зүйл болох элдэв энергийн үйлчлэл, бэлгэ дэмбэрэл, өдөр судар, бөө, лам нараас хамаарсан, тэдний зааж чиглүүлснээр өрнөх нийтийн амьдралын хэв маяг түгээмэл тогтлоо. Мухар сүсэг хүчээ авч, хувь хүнээс өөрөөс нь хамаарах хүчин зүйл багасахын хэрээр ухамсартай оюунлаг сэтгэлгээ, бүтээлч хөдөлмөрийн үнэ цэнэ буурч буй нь тодорхой.
Боловсролын байгууллагуудад мэдлэг боловсрол дутуу дулимаг багш нар олшрохын хэрээр энд тэндээс цуглуулж хуулсан, буруу зөрүү орчуулсан сурах бичгийг түгээн тараах нь ихэсч, ийм сурах бичгийг хоосон цээжилсэн сурагч оюутнууд шалгалт өгч, сургуулиа “амжилттай” төгсдөг нь хэвийн хэрэг болжээ. Үүнээс харахад их дээд сургуулиудад ерөнхийдөө өнгөрсөн зууныг санагдуулам “багш-шавийн” барилдлагатай сургалтын тогтолцоо бүхий хуучны уламжлал хадгалагдаж, орчин үеийн мэдлэг рүү тэмүүлэгч, өмнөө тавьсан зорилготой, өрсөлдөөнд бэлтгэгдсэн боловсон хүчнийг бэлтгэх эрч хүчтэй өөрчлөлт нэг л хийгдэхгүй байгаа бололтой (“Багш дор мөргөмүү” хэмээн сургуулийн үүдэндээ тодоос тод бичиж хадсаныг харж болно). Ингэж хамгийн орчин үеийн мэдлэгийг олгох ёстой боловсролын байгууллагууд хэл, түүгээр дамжих ёстой шинэ ойлголт түгээх чадваргүйн харгайгаар сэтгэлгээний доройтолд орж, хоцрогдлын үүр уурхай болж хувирах нь ээ.
“Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар” гэсэн Л.Виттгэнштэйний үг эх хэл бол миний бодлын хөшүүрэг юм, эх хэл бол бидний эн тэргүүнд эзэмших ёстой суурь боловсрол юм байна гэдэг ойлголтыг улам гүн батаар төрүүлэх боллоо. Тийм ч учраас эх хэл бол хэл ярианы хэрэгсэл төдийгүй бодож бүтээх ухамсарт үйл ажиллагааны эх сурвалж гэсэн хандлагын хүрээнд манай хэвлэлийн газраас соён гэгээрлийн өдрүүдийг зохион байгуулж байна.
Алдаагүй зөв сайхан бичих нэг хэрэг харин юм боддоггүй, хүнээс юм асууж чаддаггүй, төрөлх хэлээрээ өөрийн бодлоо чөлөөтэй зөв илэрхийлж сураагүй олон залуу ажил амьдралаа эхлүүлж байгаа. Ийм залуус хэзээ нь нийгмийн идэвхтэй хэсэг болж, улс орноо авч явах юм бэ?
Хүн төрөлхтний түүхэнд Европ болон Азийн улс орнуудад бас ийм үе тохиож байсан ч нийгмийн хөгжлийн нэгэн үе шат буюу дундад зуунд мөн хожим хойно ч соён гэгээрлээр эх хэлээ хамгаалах, хөгжүүлэхдээ гайхалтай бүтээлч хандсан юм билээ. Бидэнтэй уулзсан Өмнөд Солонгосын нэг философич тэднийд байдал яг манайх шиг, өөрөөр хэлбэл бид Европын соёлыг Оросоос авсан шиг тэд ч бас япон хэлнээс дамжуулан авч байсан тухай ярьж билээ. Гэхдээ төр нь энэ алдаагаа залруулж, бүх нэр томьёо, орчуулгаа шинээр гаргаж цэгцэлж авсан тухай дурдаж байсан юм. Буруу утга тээсэн буруу орчуулга эх хэлийг бохирдуулах үндэс болдог ажээ. Иймээс эх хэлний боловсролд анхаарал тавина гэдэг нэг талаар эх хэлээ хамгаалах гэж ч ойлгож болох юм. Наад зах нь аливаа үгийг гадаад хэлнээс буруу утгаар орчуулдаггүй болж эсвэл бид цөмөөрөө “буруу ярьж зөв ойлгодог”-ийг халья гэсэн үг. Гэхдээ хэлэхэд амархан ч хийхэд амаргүй зүйл бол энэ. Хэлээ хамгаалахын тулд дээд зэргийн мэргэжлийн боловсролтой хүмүүс, цэгцтэй нэгдсэн бодлого, зохион байгуулалт чухал. Мөн өндөр хөгжсөн улс орнууд түүхэн хөгжлийн цаг үедээ тааруулан үндэсний хэмжээний тайлбар толь гаргаж, эх хэл, соёлоо хамгаалахын зэрэгцээ мэдлэгийг гаднаас чөлөөтэй нэвтрүүлэх арга замд тууштай шилжсэн байдаг (Европод “соён гэгээрлийн үе” гэж нэрлэдэг оюуны энэ хувьсгал Азийн Япон оронд “Мейжийн” гэсэн тодотголоор явагдсан юм).
Хүмүүс хэл яриагаар харилцах нь нийгмийн тулгуур шинжтэй асуудал учраас хүн төрөлхтөнд нийтлэг явагдаж ирсэн хөгжлийн мөн чанар аливаа үндэстний эх хэлтэй шууд холбоотой байж ирсэн бөгөөд жам ёсны хөгжлийн ийм голдрилыг зөвхөн дарангуйлагч засгийн муйхар арга л сөрж зогсохоос бус, цаг нь ирэхэд өөрчлөлт шинэчлэлийн дийлдэшгүй хүчинд олон түмэнд тулгасан явуургүй бодлого түрэгдэн арчигдах учиртай билээ.