“Хүн бар” хэмээн нэрийдэж, алдарт Гиннесийн номд орсон, АНУ-ын иргэн Деннис Авнер 54 насандаа гэртээ амь алдсан байхыг нь олсон байна. Хуулийнхан мөрдөн шалгаж байгаа ч амиа хорлосон байх магадлалтай гэж байгаа юм байна. Америкийн тэнгисийн цэргийн ахмад дайчин тэрээр өөрийнхөө биеийг яг бар шиг болгон өөрчилснөөрөө дэлхий дахинаа нэрд гарсан нэгэн юм. Түүний танил Шеннон Ларрат өөрийнхөө блокт “Деннис сэтгэл санаагаараа амьтны ертөнцөд амьдарч, үүнийхээ төлөө өөрийнхөө бие, гадаад төрхийг өөрчилсөн. Тэр бас зөвхөн эр бар байх төдийгүй эм бар болохын тулд биеэ улам өөрчлөхийг мөрөөдөж байсан. Даанч түүнд асуудал их байсан байх” гэж бичжээ.
Деннис өөрийгөө бартай улам адил болгохын тулд дээд уруулаа яг муурынх шиг болгож, чихэндээ мэс засал хийлгэн, дух шанаагаа ч амьтны төрхтэй болгосон юм байна. Шүдээ ч өөрчилж, соёо хийлгэсэн бол бүх биеэ яг л барынх шиг шивээсээр дүүргэсэн байжээ. Мөн бар, муурынх шиг нүдтэй болохын тул ногоон өнгийн линз зүүж, гадуур гарахдаа хиймэл сүүлтэй явдаг байсан гэнэ.