Дуучин Жастин Биберийг хоёр жил үерхсэн найз охин Селена Гомез нь хаяжээ. Тэд бараг долоо хоногийн өмнө хоёр тийшээ болсон ч энэ мэдээ өнгөрсөн баасан гаригийн шөнө л олон нийтэд хүрчээ. Америкийн өсвөр үеийнхний шүтээн болсон хоёр од юунаас болж салсныг Селена Гомез тайлбарлахдаа “итгэл алдсан” хэмээн мэдэгдсэн байна. Энэ тухай анх олж мэдээлсэн “E Online” цахим хуудаст бичсэнээр бол хоёр одын ажлын ачаалал их байгаагаас цагийн хуваарь нь хоорондоо таарахгүй, хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа маш бага байсантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Селена Гомез цуврал кинондоо тоглоод Америкт ихэнх цагаа өнгөрүүлж байхад Жастин дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа учраас хамтдаа байх хугацаа нь хомс болжээ. Энэ нь тэднийг харилцаагаа цэглэхэд хүргэсэн ч Жастины үнэнч бус байдал бас нэрмээс болсон гэнэ.
Жастин Бибер өнгөрсөн лхагва гаригт Нью-Йоркт болсон Виктория Секретийн шоунд оролцохдоо модель бүсгүйчүүдэд илт сээтэн хаяж, заримынх нь утасны дугаарыг авах гэж оролдож байсан гэнэ. Тэр дундаа Унгарын 19 настай загвар өмсөгч Барбара Палвинтай онцгой дотно харилцаж байсан нь олны анхаарал татжээ. Барбара Жастинтай хамт тайзны ард авахуулсан зургаа Твиттертээ нийтэлсэн нь мэдээж Селенагийн нүдэнд өртсөн байж таарна. Гэтэл энэ нь багадсан мэт маргааш нь тэд хоёулаа Броудвэйд мюзикл үзэж яваад хэвлэлийн дуранд өртжээ. Энэ нь ердийн нэг тохиолдол мэт санагдаж болох ч Селенагийн хувьд найз залуугаа загвар өмсөгч Барбара Палвинтай хамт байхыг зөвшөөрөхгүй нь мэдээж. Учир нь Барбара жил гаруйн өмнө Твиттер хуудсаараа Селена Гомезт дургүй гэдгээ ил тод мэдэгдэж байсан нэгэн. Тийм ч учраас хоёр жил үерхсэн найз залуугаа хардаж гоморхох сэтгэл төрснөөс гарцаагүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Барбара Палвин
Жастин, Барбара хоёр Броудвейд жүжиг үзэж яваад дуранд өртсөн нь