Дэлхийн жишигт нийцсэн хүүхэд хөгжлийн төвтэй болохыг, амьдарч, сурч буй орчноо аюулгүй байлгахыг хүүхдүүд хүсч байна. Тэд томчуудаас хайр энхрийлэл, анхаарал хүссээр. Бас хүүхдэд хамаатай шийдвэрийг томчууд гаргахдаа тэднээс асууж, саналыг нь тусгаж байхыг хүсч байна.
Хүүхдийн ордонд өчигдөр “Хүүхдээ сонсъё” аян нээх үеэр хүүхдүүд ийнхүү ярив. Шинэчлэлийн Засгийн газар бодлогодоо хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг оруулах зорилгоор олон нийтийн саналыг сонсохоор ийм аян өрнүүлж буй нь энэ. Хүүхэд гэдэг аав, ээжийнхээ халамжаас гарч амжаагүй байдаг. Тиймээс тэдний алхам дутамд л асуудал тулгарна. Энэ бүхнийг томчууд тэр бүр мэддэггүй. Тиймээс арга хэмжээний үеэр хүүхдүүд өөрсдийн бэлтгэсэн илтгэлээ танилцууллаа.
Тэдний дуу хоолой
Хүүхдийн төлөө газрын хүүхдүүд “Гэр бүл ба хүүхэд” сэдвээр илтгэл тавьсан юм. “Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс эхэлдэг. Аав, ээж гэсэн хүндтэй нэр зүүсэн эрхэм та хүүхдээ хэзээ ч битгий хайр энхрийллээр дуутаагаарай. Өөрийнхөө хайраас төрсөн бяцхан үрээ тэвэр, үнс, нүд рүү нь хараад үнэн сэтгэлээсээ инээмсэглэ. Тэд таныг үргэлж дуурайж байдаг болохоор та үлгэр дууриал болох хэрэгтэй. Хичнээн ажилтай байсан ч гэсэн та хүүхэддээ багахан ч болов цаг гаргаж, хамт байгаарай. Гэр бүлийн бусад гишүүдийг хэрхэн хайрлаж, хүндэлдгээ хүүхдийнхээ өмнө харуулах хэрэгтэй. Тэгж байж тэр бяцхан ухаандаа таныг хэрхэн хайрлахаа суулгана шүү” хэмээн илтгэлээрээ дамжуулан таны хайраас төрсөн хүүхэддээ тэр хайраа өвлүүлэхэд цаг гаргаач гэсэн санааг эцэг эхчүүдэд хэлсэн юм.
Харин Сурагчдын холбооноос “Хүүхдийн орчин ба сургууль” гэсэн сэдвээр тавьсан илтгэлээрээ дамжуулан багш нартаа хандан хэлэх үгээ ч хэлээд авлаа. “Биднийг хөгжихөд та хэрэгтэй байна багш аа. Хичээлээ хийхгүй, муудаад байгаа хүүхдийг зэмлэхийн оронд ганц удаа түүнтэй ярилцаач, тэдний сэтгэл рүү өнгийж нэг хараач. Томчууд минь хүүхдэд хамаатай шийдвэр гаргахдаа биднийг сонсооч” хэмээлээ.
“Аав, ээжийнхээ хайраас соёолж гарсан бяцхан үрсээ хайрлах үүргээ та хэзээ ч битгий умартаарай. Тэдэнд хайр дутаж эхэлбэл дагаад гунддаг юм. Хүүхэд тань таны толь. Гэрийн уур амьсгалаар л хүмүүждэг. Тийм болохоор энэ хорвоо дээр таньд л ирсэн үрээ хүний дээд болгох нь таны үүрэг гэдгийг ухаараарай” хэмээн Нийслэлийн хүүхдийн төлөө газрын сурагчид аав, ээжүүдийг уриалсан юм.
“Хүүхдээ сонсох аян”-г өөрөөсөө эхлүүлнэ
УИХ-ын эрхэм гишүүн С.Одонтуяа арга хэмжээний үеэр хүүхдүүдтэй уулзаж санал сэтгэгдлээ солилцсон. Тэрээр “Би өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцоод, хүүхдүүдийн үгийг сонсоод толгой руугаа алхаар цохиулж байгаа юм шиг л боллоо. Хэдий хүүхдийн төлөө гээд хөдөлмөрлөөд байгаа ч гэсэн хүүхдүүдийн үгийг сонсолгүй, тэдний хүсэл мөрөөдлийг сонсоогүй байж мэддэг юм шиг царай гарган явж. Тиймээс өнөөдрөөс эхэлж хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсч байх болно. Орой хариад өөрийнхөө охинд цаг гаргаж ярилцана. Энэ аяныг өөрөөсөө эхэлнэ гэдгээ амлаж байна” гэв.
Мөн түүний санаачилсан “Эх орон 36” төсөл дэмжигдсэн таатай мэдээг хүүхдүүдэд дуулгасан. Энэ төслийн хүрээнд хүүхдүүдийг амралтын өдрүүдээр агаарт гарган хичээл заах аж. Гэхдээ ерөнхий эрдмийн хичээл заахгүй хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийнх нь дагуу сургалт явуулах гэнэ. Дуучин болохыг мөрөөддөг хүүхдүүдийг алдартай дуучинтай уулзуулах, зураач болох хүсэлтэй, авьяастайг нь мөн алдартай зураачтай уулзуулах зэрэг ажил хийх гэнэ.
Замын хөдөлгөөн ба хүүхэд
Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо анхааралгүй байснаас, хэнэггүй жолоочийн буруугаас болж осол гэмтэлд өртөх нь элбэг. Тиймээс хүүхдүүдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шийдэх хэрэгтэй гэдгийг хүүхдүүд хэлж байлаа. Мөн “Жолооч ах, эгч нараа бид таны дүү, охин, хүүтэй адилхан л хүүхэд. Тиймээс та бүхэн биднийг хайрлаач” гэлээ.
Сургуулиасаа гэртээ харих замыг гэрэлтүүлэгтэй болгож, аюулгүй орчин бүрдүүлж өгвөл сургуулиасаа харих замдаа, сургуульдаа явахдаа гадны аюул осолд өртөх вий гэсэн айдаснаас сална гэдгийг ч хэлж байсан юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ хүүхдүүдэд
Өнөөдөр хүүхдүүд автобусаар үйлчлүүлэхдээ 200 төгрөг төлдөг. Уншигч та автобусанд мөнгөгүй, мөнгөө дутуу төлсөн гээд загнуулж, чимхүүлж хөөгдөн бууж байгаа хүүхдүүдтэй нэг биш удаа таарсан л байх. Энэ бол өдөр тутам хаана ч болдог зүйл л дээ. Өөрийн гэсэн орлогогүй хүүхдүүд тэгвэл автобусны үнийг 100 төгрөг болгож хямдруулж өгөөч гэж хүсч байна. Бас автобусны кондуктар ах эгч нараасаа соёлтой харьцаа шаардаж байна. Бага ангийн сурагчид автобусанд ороод бариулд нь хүрдэггүй. Сандлын хажуугийн бариулаас барих гэхээр “карма ухах гэж байна” хэмээн сэрдүүлдэг гэнэ. Бариулаас барихгүй явахаар автобусан дотор унах, юм мөргөх, хөл гараа гэмтээх зэрэг аюултай байдаг. Тиймээс бага ангийнханд зориулсан тоноглол автобусанд тавих эсвэл тэдэнд зориулсан автобусаар үйлчилдэг болохыг хүүхдүүд хүслээ.
Тэд өөрсдийнхөө төлөө
Хүүхдүүд өөрсдийнхөө төлөө нэгдэн ажиллаж байна. “Хүүхдээ сонсъё” аянд оролцохоор олон байгууллагын төлөөлөл ирсний дотор хүүхдүүд өөрөө үйл ажиллагаа явуулж, үеийнхээ нөхдөд тусалдаг байгууллагынхан ч байсан.
Л.МӨНХЦЭЦЭГ: Сурагч бүр “Сурагчдын холбоо”-нд элсэх боломжтой
-“Сурагчдын холбоо”-ныхоо үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
-Манай холбоо хүүхэд, сурагчид руу чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Төрөл бүрийн хичээлээр гишүүн сурагчиддаа давтлага өгөх, ерөнхий шалгалтад нь бэлдүүлэх, мөн гадаадын улсууд руу солилцоогоор явуулдаг.
-Гишүүн сурагчиддаа сургалт, давтлага хичээл заадаг гэлээ. Танай холбоонд элсэх сонирхолтой хүүхдүүд яах ёстой вэ?
-Шууд л манай холбоон дээр ирээд элсэх боломжтой.
-Одоогоор нийт хэчнээн гишүүдтэй бол?
-Намар өвлийн сургалтуудад магадгүй гурван мянган сурагч хамрагддаг. Сургалтаа явуулдаг Лидер академийн гишүүн сурагчид маань 30 гаруй байгаа.
-Лидер академийн тухай...?
-Манай Лидер академид нэгдсэн сурагчид маань сурагч найзуудынхаа туслах байх ёстой. Тусламж хэрэгтэй байгаа сурагчдад бүх чиглэлээр туслахад бэлэн тийм л хүүхдүүд нэгддэг. Монгол Улсын хэмжээнд болж байгаа хүүхдийн оролцоотой бүх үйл ажиллагаанд оролцдогоороо онцлогтой.
-Танай “Сурагчдын холбоо”-оос сурагчийн үнэмлэх гаргадаг. Тэр талаар танилцуулаач?
-Манай холбооноос сурагчийн үнэмлэх гаргадаг. Автобусны кондукторууд ялангуяа ахлах ангийн сурагчдыг гаднаас нь хараад сурагч гэж мэддэггүй. Тиймээс сурагч гэдгийг нь батлах үнэмлэх байх ёстой гэж үзээд тухайн сурагчийн өөрийнх нь зурагтай үнэмлэх хэвлэдэг юм. Ахлах ангийн сурагчдад 1500 төгрөгөөр, бусад ангийн сурагчдад 2000 төгрөгөөр долоо хоногийн дотор гаргаж өгдөг.
-Сурагчийн үнэмлэхийг ямар ангийнхан ихэвчилж авдаг вэ. Аваагүй хүүхдүүд хаана хандах уу?
-Ахлах ангийнхныг кондукторууд сурагч гэж ялгадаггүй гэж хэлсэн шүү дээ. Тиймээс тэд заавал сурагчийн үнэмлэх авахаас өөр аргагүйд хүрдэг. Хэрэв сурагчийн үнэмлэх авах гэсэн хүүхэд байвал Залуучуудын холбооны байранд байрлах манай төв дээр сургуулийнхаа тодорхойлттой ирээд захиалж болно.
-Сургуулиуд нэгдсэн журмаар захиалдаг уу?
-Тийм ээ. Манайх тийм сургууль, манай хэдэн сурагч сурагчийн үнэмлэх захиалах гэсэн юм гээд хүсэлтээ ирүүлбэл бид өөрсдөө зургийн аппаратаа авч очоод л сурагчдынх нь зургийг аваад, захиалгаа авчихдаг. Нээрээ арваннэгдүгээр сардаа багтаагаад захиалгаа өгөх юм бол гадаад хэлний сургалтад хөнгөлөлттэй суралцах эрх бэлэглэж байгаа.