Хатагтай Р.Бурмаа улс төрд олон жил зүтгэсэн, парламент дахь эмэгтэйчүүдээс хамгийн туршлагатай нь. Бас насаар ч хамгийн ахмад нь. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга гээд хэнтэй ч цэц булаалдахдаа эмээдэггүй түүнийг эрэгтэй улстөрчид ч мөн өндөр үнэлж, хийсэн бүтээснийг нь хүлээн зөвшөөрдөг.
Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн гэдгээрээ олны танил болсон Р.Бурмаа гишүүн урлаг, спортод маруухан гэдгээ өөрөө ч нуудаггүй. Харин тэр өөрийгөө ердөө л энгийн нэгэн номын хүн хэмээн тодорхойлдог. Биеэ авч явах байдал нь ч үүнийг баталдаг гэвэл эндүүрэл болчихгүй л болов уу. Түүний гэрт ч, ажлын байранд ч хуулийн чиглэлийн ном дүүрэн байдаг гэнэ. Хатагтай Р.Бурмаагийн хэзээ ч гар татдаггүй, бас хамаг анхаарлаа хандуулдаг зүйл нь номын сан нь бололтой.