Улаанбаатарт янз бүрийн нэртэй улсын, хувийн гээд олон асрамжийн газар байх. “Өгөөмөр” нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай асрамжийн газарт очиж сурвалжлага бэлтгэхээр зорилоо. Асрамжийн газар гэхээр аав, ээжийн хайр, халамж хүсэмжлэн хүлээсэн хүүхдүүдийн өрөвдөлтэй харц хамгийн түрүүнд толгойд буусныг нуух юун.
Аав, ээжийн өвөрт өсч торних насандаа өнчирсөн, хүүхдүүд гэхээр ийн бодож өрөвдөнө. Биднийг очиход цөөн хэдэн охин хашаандаа тоглож байсан юм. Тэдний жаргалтай инээд ойр хавийн нам гүмийг эвдэнэ. Биднийг очихыг сонсоод ганган хувцсаа өмсчээ. Байшин дотроос нэг гэлэнмаа гарч ирээд “Сайн байна уу” гээд охидод хандаж францаар нэг зүйлийг хэлтэл хүүхдүүд гүйлдээд байшин руу орчихов. Охид ямартаа ч франц хэл гадарладаг байх нь.
Гарч ирсэн Гэлэнмаа эелдгээр мишээх боловч монгол хэл төдийлөн сайн ойлгодоггүй бололтой. Удалгүй “Өгөөмөр” асрамжийн газрын менежер Д.Номинхүү ирснээр энэхүү төвтэй танилцлаа. Эхлээд охидын өрөөгөөр оров. Аппаратны урдуур нэгийгээ түлхэх, эсвэл өөрөө зургаа авахуулах гэж мисс аятай аяглах охид цаанаа л нэг өхөөрдмөөр. Энэ төвд дөрвөөс 14 насны нийт 23 хүүхэд амьдардаг. Тэд бүгд цэцэрлэг, сургуульд суралцдаг учраас биднийг өглөө очиход зарим нь хичээлдээ явсан таарав. “Ээжээсээ төрөөд наймхан хонож байсан хүүхдийг аваад өсгөж л байлаа. Тэгээд хүүхэд их хөөрхөн шүү дээ. Өсч томрох тусмаа л хайр хүргээд, өдөр бүр шинийг сурах тусам нь хөөрч догдлоод илүү ихийг зааж сургамаар санагдаад байдаг юм” хэмээн Д.Номинхүү эгч нүд нь гялалзаад л баяр баясалтайгаар тэднийхээ тухай хуучиллаа.
“Өгөөмөр” асрамжийн газар байгуулагдаад 10 дахь жилээ угтаж байгаа гэнэ. Анх байгуулагдахад нь яривал ууган хүү нь дөрвөн настай ирж байж. Тэжээлийн дутагдлаас болоод хөл дээрээ явж чаддаггүй, хоёр гар нь тохойгоороо гадагшаа эргэсэн хүүг эцэг эх нь өсгөж чадахгүй гээд энд үлдээжээ. Э.Эрдэнэ-Очир хүү одоо 14 настай том ах болсон. “Өгөөмөр” асрамжийн газрын сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар Америк явж эмчилгээ хийлгэсэн хүү одоо эрүүл саруул болжээ.
Энэ төвд гурван “sister” байх бөгөөд тэд франц хүмүүс гэнэ. Нэг нь бүх ажлаа ерөнхийд нь хариуцаж байдаг. Харин нөгөө хоёр нь жил бүр солигдон ирдэг “sister”-үүд. Ахлах гэлэнмаа Мария бидэнтэй олон зүйлийн талаар ярих гэсэн боловч хэл нэвтэрсэнгүйд нэг хүүг дагуулан гарч ирэв. Хүү энэ айлын ууган хүү. Тэрээр францаар ярьж ойлгож, бидэнд хэлмэрчиллээ. Франц хэл мэдэхээс гадна англи хэл мэднэ гэнэ. Бусад бүх хүүхэд франц хэл мэддэг бас ярьдаг. Даанч ойлгосноо монгол руу буулгахдаа тааруу. Биднийг очсонд охид их баярлан өөрсдийн сурсан хөгжмөөр “Жалам” хар бүжгийн аяыг тоглож сонирхуулсан. Ятгын утсан дээр бяцхан хуруунууд нь ёстой л нэг бүжих мэт. Охид чөлөөт цагаараа ардын хөгжим, оёдол заалгадаг гэнэ. Мария гэлэнмаа “Монгол хүүхдүүд учраас ардын гэсэн ганц зүйлийг ч болов сургая” хэмээн санаачилсны дагуу багш хөлслөн ийн дугуйлан хичээллүүлж байгаа аж.
Хөвгүүдийн өрөө эмх цэгцтэй, даруухан. Тэд өөр өөрийн цоожтой шүүгээтэй. Түүнийгээ цоожилж орхино. Хэрэв онгорхой байхад зөвшөөрөлгүй үзэх юм бол багш нь байсан ч уурладаг хэмээн Д.Номинхүү багш тайлбарлаж явсан юм. Энэ гэртээ хүүхдүүд өөрийнхөөрөө жаргалтай байдгийг хараад санаа минь амарлаа.
Хүүхдүүд энэ зуныхаа амралтаар гэрийнхээ урд талын бяцхан талбайд өргөст хэмх, улаан лооль, төмс, хүрэн манжин, цэцэгт байцаа гээд хүнсний ногоо тарьснаа биднийг очиход хурааж байсан. Энэ жил бороо их орсон болохоор бараг л услаагүй. Зэрлэгийг нь л түүсэн гэж хүүхдүүд бүгд л нэг нэгнээсээ өрсч хариулах гэж шуугилдана.
“Өгөөмөр” асрамжийн газрын хашаанд 25 хүүхдийн цэцэрлэг бий. Баянзүрх дүүргийн амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүдийг авч хүмжүүлдэг байсан ч засвар хийх шаардлагатай болсон учраас түр үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа гэсэн. Удахгүй ашиглалтанд орно гэдгийг Мария гэлэнмаа тайлбарлаж байсан юм.
Э.Эрдэнэ-Очир: Франц хэл хэзээ сурснаа санахгүй байна. Ингээд энэ айлын ууган хүүтэй цөөн хором ярилцлаа.
-Эгчийн дүү франц, англи хэл хэзээнээс сурч эхэлсэн бэ?
-Мэдэхгүй ээ. Яг хэзээнээс сурснаа санахгүй байна. Нэг л мэдэхэд сурчихсан. “Sister”-үүдийн ярьж байгааг ойлгоод хариулаад л байдаг болчихсон. Гэхдээ англи хэлээ сайн сураагүй ээ. Жаахан л ойлгоно. Англиар их муухай биччихдэг болохоор хичээлийнхээ даалгаврыг хийснийхээ дараа үсгүүдээ дахин дахин бичиж дасгал хийдэг.
-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Би орчуулагч болно.
Э.Ганцэцэг: Сайн хөгжимчин болохыг мөрөөддөг
Ятга, ёочин хамгийн сайн тоглож сурч байгаа охин бол Ганаа. Түүнийг “sister”-үүд ч сонсох дуртай.
-Чи хөгжим их мундаг тоглох юмаа?
-Би хамгийн мундаг нь биш ээ. Хамгийн мундаг тоглодог охин хичээлдээ явчихсан.
-Ятга, ёочин хоёроос өөр хөгжим тоглож чадах уу?
-Даралтат хөгжим тоглож чадна.
-Олон ая хөгжимдөж сурсан уу?
-Миний бүтнээр нь тоглож чаддаг хамгийн том ая “Жалам хар”. Тэгээд хүүхдийн дуунуудыг чадна.
-Мөрөөдлөө нууц биш бол хэлээч?
-Би сайн хөгжимчин болохыг мөрөөддөг.
Бид энэ гэр бүлийнхэнтэй ийн танилцлаа. Үүд хүртэл гаргаж өгсөн хүүхдүүд “Баяртай, дараа дахиад ирээрэй” гээд гараа даллан хоцров. Тэдний баяр жаргалтай, гэрэл цацарсан, инээд чихэнд сонсогдсоор. Хэдий жаргалтай гэр бүл болон энд амьдарч байгаа ч хүүхдүүд төрсөн эцэг, эхээ битүүхэн хүлээн суугаа. Таны охин, хүү хэн болсныг, та хэнийг орхиод явснаа нууцхан ч болов очоод нэг хараарай гэж тэдэнд хандаж хэлмээр. Тэд инээн баясч, тоглож наадаж, сурч боловсрон, өсч торниж байгаа.