Гольф аль оронд үүссэн бэ
Нэгэн малчин хонь хариулж яваад уйдсандаа жижиг бөөрөнхий чулууг модоор цохиж үзэв. Нөгөө чулуу туулайн нүх уруу орчихжээ. Ингээд л өнөөгийн дээдсийн тоглоом хэмээгддэг Гольф үүссэн гэдэг. Энэхүү тоглоом нь хөгжлийнхөө явцад олон үе шат туулан хувирч өөрчлөгдсөн төдийгүй түүний хэрэгсэл ч ямагт шинэчлэгдсээр иржээ. Анх чулуун бөмбөгөөр тоглодог байсан бол 1848 онд каучуктай төстэй хатуу эдээр хийсэн бөмбөг, газар тусгайлан ухсан нүх гарган тоглох болж яваандаа саваа модны оронд махир үзүүртэй цохиур хэрэглэх болсон байна. Харин 1902 онд резинээр хийсэн бөмбөгийг Америкийн иргэн Кобурн Хаскел бүтээжээ.
Гольф анх үүссэн орон хэмээх алдар нэрийг маш олон орон өөртөө хамаатуулдаг. Жишээ нь Голландад "Колвен" хэмээх мөсөн дээр тоглодог тоглоом маш алдартай байж. Римд мөн гольфтой ижил "паганика" гэдэг тоглоом ихэд дэлгэрч байгаад шинэ тооллын 400-д оны үед тэндээс Британид ирсэн хэмээн ярилцдаг. Харин хятадууд гольфийн өвөг эцэг нь МЭӨ lll-ll зууны үед тэдний тоглодог байсан "Гуй ван" хэмээх тоглоом ч гэж үздэг. Мөн түүнээс гадна францчууд болон бельгичүүд иймэрхүү хувилбарыг дурсдаг аж.
Шотландын Сент Эндрюс гэх жижигхэн хотыг сонгодог гольфийн эх нутаг хэмээн нэрлэдэг аж. Учир нь энд зургаан зууны тэртээ барьсан сүмийн хананд тахир цохиур мод барьсан хүний зураг байдаг. Зураг 1350 онд хамаарагдах ба гольф тоглоомыг гэрчилсэн хамгийн анхны баримт гэгддэг юм. Джеймс хэмээх ван түүний цэргүүд үндсэн үүрэгт ажил болох цэргийн бэлтгэл сургуулилт хийхээ умартан энэхүү тоглоомд татагдах болсон тул 1457 онд Шотландын парламент гольф тоглохыг хориглосон зарлиг гаргасныг тогтоолд дурдсан байдаг. Анхны гольфчин эмэгтэй бол Шотландын хатан хаан Мария Стюарт.
Дээдсийн спорт гэгддэг гольфийг Монголд "нутагшуулаад" долоо, найман жил болжээ. Манайдаа залууд тооцогдох энэхүү спортоор хичээллэгсдэд зориулан 2003 онд "Найрамдал" зуслан руу явах замд талбай байгуулж байсан гэнэ. Тэндээс олон сонирхогч төрж, өдгөө хэд хэдэн талбай байгуулаад амжжээ. Манай гольфийн спортыг үндэслэгчдийн нэг бол Соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт сэтгүүлч Ц.Балдорж агсан юм. Түүний дурсгалыг хүндэтгэн нэрэмжит тэмцээнийг нь жил бүр зохион байгуулдаг билээ.
Гольфчид бие, биеэ маш их хүндэлдэг. Маргааш тоглоно гээд цаг болзсон л бол юу ч болж байсан заавал ирэх ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Яг тоглож Гольфчид бие, биенээ маш их хүндэлдэг. Маргааш тоглоно гээд цаг болзсон л бол юу ч болж байсан заавал ирэх ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Тоглож байх үед цас, бороо орох ч юм уу байгалийн болон хувь хүнээс шалтгаалах ямар нэгэн асуудал үүссэн ч тоглоомоо дуусгаж байж л салах учиртай. Энэ мэт бичигдээгүй олон дүрэм яг таг үйлчилнэ. Хэн нэгэн нь бөмбөгөө цохих гэж байгаа үед нүднийх нь өмнүүр сүүтэгнэх, юм ярих, анхаарлыг нь сарниулах зүйл хийвэл бүдүүлэгт тооцогдоно. Мөн грийн дээр бөмбөгөө цохиж буй үед бусад нь харах хориотой. Хэрвээ харчихвал "будаа идсэнд" тооцдог байна. Түүнээс гадна олуулаа тоглож байгаа үед бөмбөгөө цохихгүй удах, нэгнийхээ өмнүүр орж цохих зэргээр бусад гольфчидоо үл хүндэтгэсэн асуудал гаргавал бүр ч ичгүүртэй байдалд орно. Хэдийгээр бичигдсэн дүрэм цөөтэй ч гэлээ биеэ зөв авч явах, бусдыгаа хүндэтгэх гэсэн хувь хүний соёлтой холбоотой олон дүрэм мөрдөгддөг учраас гольфийг дээдсийн спорт гэж үздэг ч байж болох. Мөн энэ спорт маш өндөр өртөгтэй тул зөвхөн баячууд тоглодог гэх нь бий.
10-аад төрлийн цохиураас сонгодог
Зориулалтын талбайд тоглох гэж байгаа бол олон төрлийн цохиур хэрэглэх шаардлагатай. Ямар зайнд, ямар байдлаас цохих гэж байгаагаас нь хамаараад iron, wood, phat гэхчлэн арван хэдэн төрлийн цохиур хэрэглэдэг байна.
Анхны цохилтуудаар бөмбөгийг хамгийн холын зайнд цөлдөг. Үүнд wood төрлийн цохиур ашиглана. Дараахь цохилтууд бөмбөг нүхнээс хэр хол зайнд байгаагаас хамаарч хийгдэнэ. Үүний тулд iron төрлийн цохиур ашиглана. Бөмбөгний нисэлт өндөр траекториор явагдаж байх үед ойр зайнд нарийвчлалыг хангахын тулд pitching wedge цохиурыг хэрэглэнэ. Эдгээр цохиурын гадаргууны хазайлтын өнцөг 50-60 градус хүрдэг. Элстэй бункерээс цохилт хийхэд sand wedge цохиур ашиглана. Тэрээр хүндрүүлсэн ултай, өвөрмөц хийцтэй бөгөөд элсэнд гацахгүй байхаар үйлдвэрлэгдсэн байдаг. Хамгийн сүүлчийн цохилтоор тоглогч бөмбөгийг ширгэн дээр өнхрүүлж нүхэнд оруулдаг. Үүний тулд putter хэрэг болно.
Гольфийн стандартын талбай 18 нүхтэй. Бөмбөгөө оруулах нүх бүхий тугтай хэсгийг "green" гэж нэрлэнэ. Цохидог хэсгээс грийн хүртэлх зай харилцан адилгүй. Хамгийн ойр нь 100 метр бол хол нь хагас километр байх жишээтэй. Бүх нүхийг тойроод тоглоход дунджаар 5-6 цаг зарцуулдаг бөгөөд 7-8 километр алхах хэрэгтэй болдог. Нэг нүхэнд чиглүүлсэн хэн хамгийн цөөн удаа цохиж бөмбөгөө оруулсан нь хожино. Ингэхдээ шүүгчгүй тоглоно. Өөрөө, өөрийгөө шүүгээд тоглох бөгөөд худлаа хэлэх, бөмбөгнийхөө байрлалыг өөрчилвөл цохисон тоон дээр тоо нэмж торгодог.
Монголд зөвхөн 3-4 сард л талбайн гольф тоглодог
Манайд сүүлийн үед гольфийн хэд хэдэн талбай шинээр ашиглалтад орсон билээ. Тэрэлж дэх "UB-II" амралтын газрын дэргэдэх гольфийн талбай стандарт хангасан, хамгийн сайн талбай хэмээн гольфчид ярьдаг. Учир нь олон саадтай, хэчнээн удаа ч тоглосон уйдахааргүй аж. Мөн “Сонгино” амралтын дэргэд болон Тэрэлжийн "Чингис", "Sky resort" зэрэг газарт шинээр талбай байгуулагджээ. Харин энэ спортоор хичээллэхийг сонирхож байгаа хүмүүс Маршалын гүүрний дэргэд байрлах "Элдорадо" төвийг зориход л болох юм байна.
Манай оронд цаг агаараас хамаараад дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд л талбайн гольф тоглох боломжтой. Харин бусад үед формоо алдахгүйн тулд дэлгэцийн гольфоор хичээллэдэг.
Дэлгэцийн гольф нь анх 2000 онд эрс тэс уур амьсгалтай хөгжингүй орнуудад зориулагдан гарч эхэлсэн ба анх АНУ-д үйлдвэрлэгдэн Канад улсад борлуулагдаж байжээ. Түүний дараа Англи Франц Итали гэх мэт улс руу экспортолсон боловч тоног төхөөрөмж нь хэтэрхий үнэтэй учир төдийлөн амжилт олж байсангүй.