Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалдаг “Human Rights Campaign” байгууллагаас явуулж байгаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор баталдаг болох кампанит ажилд Холливудын алдарт жүжигчин Брэд Питт 100 мянган ам.доллар хандивлахаар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Вашингтон, Мэрилэнд, Мэн, Миннисота гэсэн мужид энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт давхар явах юм. Брэд Питт байгууллагын гишүүдэд илгээсэн захидалдаа “Хүн хоорондын жирийн харилцаа холбоог бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэдэгт итгэж чадахгүй байна” гэжээ. “Human Rights Campaign” байгууллага нь гомо, лесби нарын эрхийг хамгаалах сурталчилгаанд хоёр жилийн хугацаанд найман сая гаруй ам.доллар зарцуулаад байгаа аж. Брэд Питт, Анжелина Жоли хоёр гэр бүлийн амьдрал, сексийн харьцааны талаар маш чөлөөтэй үзэл бодолтой гэдгээрээ зартай. Энэ хоёр Америкийн иргэн болгон бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран гэрлэлтээ батлуулдаг болохоос нааш гэрлэлтээ батлуулахгүй гэжээ.