Монголын алс ирээдүйн хөгжлийг түүчээлэх хүмүүс бол яахын аргагүй оюутан залуус. Гэтэл оюутнуудын төлөө ажилладаг ганц байгууллага бол тэдгээрийн өөрөө удирдан зохион байгуулах учиртай МОХ юм. Тус байгууллага өнгөрсөн өдрүүдэд ээлжилт чуулганаа сүр дуулиан, хэрүүл тэмцэлтэй хийж өндөрлөлөө. Ямар ч байсан шинэ даргаа сонгож. Үүний тулд бүхэл бүтэн хоёр өдрийн турш маргалдаж ёстой л “халуухан” юм боллоо. Ам хэлээ хатталаа хэрэлдэж, маргалдсаны эцэст МОХ-ыг тэргүүлэх ээлжилт эрхмээр Х.Батсайханыг сонгов. Х.Батсайхан өмнө нь БШУ-ны яаманд ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн гэнэ.
Оюутнуудын боловсролтой холбоотой асуудлыг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх юм байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус байгууллагыг Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг толгойлсон. Энэ хуралд оролцсон оюутнуудын ярьж байгаагаар бол тус эрхэм маань нэлээд тааруухан дарга байжээ. Амтай болгон түүний талаар тааламжгүй үг чөлөөт индэр дээрээс чулуудсан. МОХ гэсэн байгууллагын үндсэн чиг баримжааг нь алдагдуулсан гэх хүн олонтаа. Оюутнуудынхаа амьдралд тустай, нэмэртэй зүйл нэгийг ч хийгээгүй. Тэд ердөө л жил бүрийн намар ёс юм шиг хэдэн оюутнууддаа автобусны виза карт болон наалт хагас дутуу тарааж өгөхөөс хэтрээгүй.
Үүгээр л оюутнуудынхаа төлөө хийсэн ажил нь дуусчихдаг гэнэ. Нээрээ л үүнээс өөрөөр хүний өмнө толгой өөд өргөөд хэлчих, хийсэн ажил гэж огт байдаггүй нь үнэн.
Уг нь, оюутнуудынхаа амьдралыг хамгийн их мэдэрдэг, болж бүтэхгүй байгаа зүйлд нь анхаарал хандуулдаг, магадгүй эрх нь зөрчигдөж байгаа оюутнууд байвал тэднийхээ эрх ашгийг нь “цээжээрээ” хамгаалах ёстой газар. Харамсалтай нь энэ байгууллага нь эрс өөр зорилго, зорилттой аж. Түүнийгээ “чимээгүй механизмаар” хэрэгжүүлдэг. Нэг жишээ дурдахад л өнгөрсөн жилийн хавар хүртэл МОХ-ны дарга хэн гэгч эрхэм байдгийг Монголын оюутнууд мэдэхгүй явсан. Гэтэл гэв гэнэт л холбооны дарга нь Сангийн дэд сайд гэдгийг сонсоод алмайрах нь алмайрч, ангайх нь ангайж хоцорсон. Үүгээр ч барахгүй ямар тэд нэгэн намын мэдэлд байдаг.
Хуучнаар бол тэдний “дайчин туслах хүч” нь болдог юм гэнэ. Үүнийг нь зарим нэгэн хэлтэй амтай гишүүд нь ил тод хэлнэ гэж ярьж зогсоно. Бас болоогүй ээ. Хууль ёсоор бол даргаа сонгох хурал энэ жилийн нэг сард болох байсан ч УИХ-ын сонгуультай холбоотойгоор хойшилсон байна. Хойшлуулах хойшлуулахдаа намар хийхээр болжээ.
Энэ удаагийн ээлжилт чуулганд орон нутгийн төлөөлөгчид дийлэнх байсан байна. Дархан-Уул аймгаас гэхэд л арван санал өгөх эрхтэй арван төлөөлөгч иржээ. Монгол Улсдаа нэртэй, төртэй оюутнуудынхаа тоогоор толгой цохидог газраас нэг л саналын эрхтэй төлөөлөгч оруулжээ.
Ямартай ч, хурал дууссаны дараа нэлээд олон ялангуяа нийслэлийн их дээд сургуулиудын төлөөлөл шинээр сонгосон даргыг хууль бус гэж үзэж хурлыг ойрын хугацаанд дахин хийлгэх шаардлага тавина гэж байлаа.
Ийн хуучин ерөнхийлөгчөө шүүмжилж, шинэ даргаа сонгосон ч бас л хэл ам дагуулсан. Юутай ч монголын оюутнуудын төлөөлөл энэ холбооны даргын төлөөнөө их л маргалдаж, бараг л хэрэлдэн хурлаа дахин хийнэ, хийхгүй гэцгээж байна. Магадгүй ойрын үед дахиад нэг хурал, чуулган зарлахад гайхахааргүй л боллоо.
Харин оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэдний тусын тулд хийх ажлын талаар нэг их шинэ зүйл дурдсангүй өнгөрч байна уу даа.