Нэгэн үед Оросын бизнесменүүд Монголыг тоож ч хардаггүй байсан. Харин уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт өндөр болохыг дагаад цөөн ч гэлээ сонирхож, хөрөнгө оруулалт хийдэг болсон. Эд дотроос хамгийн дуулиантай нь нөхөр Паушок. Гэхдээ Оросын хөрөнгө оруулагчдыг бүгдийг хэргийн эзэн Паушокоор төсөөлөх хэрэггүй. Алдарт “Форбс” сэтгүүл манай улсад хөрөнгө оруулалт хийсэн бизнесменүүдээс хамгийн гэсэн тодотголтой гурвын хүнийг тодруулсан байна.
Хамгийн болгоомжтой Сергей Громов
Братскийн хөнгөн цагааны аварга том үйлдвэрийн анхны эзэн Сергей Громов нь 90-ээд оны үед Хятадыг чиглэсэн хөнгөн цагаантай галт тэрэг замдаа сураггүй алга болохоос сэргийлэн төлөөлөгчийн газраа Монголд байгуулжээ. Төлөөлөгчийн газраа хүүдээ даатган орхисон нь яваандаа хөгжсөөр том компани болов. Иймд хүү Громов хөрөнгө оруулалтын Чингис хаан банкийг байгуулсан аж. Бизнест хөрөнгө оруулалт хийх явцдаа Монголын зах зээлийн судалж мэдэх болсноор өөр шинэ бизнес худалдан авч эхэлжээ.
Жимсний шүүснээс эхлээд архи, шар айраг хүртэл бүх төрлийн ундаа үйлдвэрлэдэг нь Монголын хамгийн том үйлдвэр АПУ Громовынх болсон. Мөн даатгалын томоохон компани гээд бусад салбарт бас хэдэн хэдэн компанийг эзэмшдэг болжээ. Гэхдээ Монголд хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог уул уурхайн салбарт л ганц ч компани байдаггүй. Громов нь олны анхаарлыг татах хэрэггүй, түншээрээ монгол хүн сонгож авах, яарахгүй гэсэн гурван дүрмийг ягштал баримталдаг. Тэрээр “Энд ер нь уухайлж дайраад хэн ч амжилтанд хүрч байгаагүй юм шүү” гэж ярих дуртай.
Хамгийн шуурхай Михайл Мирилашвили
Хэрхэн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд хоёр жилийн дараа 50 сая, эсвэл бүр 100 сая ам.долларын ашиг олох вэ? Монголын газарт хөрөнгө оруулалт хийгээд олборолт явуулалгүйгээр шууд зарж чадвал ийм өндөр ашигтай ажилладаг аж.
“Форбс” сэтгүүлийн мэдээгээр бол Оросын Фэйсбүүк гэгддэг “Вконтакте” сайтын анхны хөрөнгө оруулагч Мирилашвилигийн Монголд оруулсан цорын ганц хөрөнгө оруулалт “Эж Балей” компани. Тэрээр өөрөө Монголд хэзээ ч ирж байгаагүй ч ерөнхий менежер Григорий Денисов нь эрсдэл ихтэй энэ бизнесийг хэдэн жилийн турш амжилттай удирдаж байна. Бизнес нь гэвэл геологи хайгуул танадалт лицензийг алтны батлагдсан нөөцтэй орд газар болгон хувиргах. Эрсдэл нь хайгуулаар байсан ч батлагдах нөөц нь байхгүй болчих явдал.
Хамгийн туршлагатай нь Сергей Опанасенко
Монгол дахь Оросын худалдааны төлөөлөгч хийж байсан Сергей Опанасенког өөрийн мөнгөөр оросынхоо соёлыг сурталчилдаг гол хүн гэж болно. Тэрээр Төрийн албанаас өөрийн хүсэлтээр гараад Монголд үлдэн бизнес эрхлэх болсон хуруу дарам цөөн хүний нэг. Тэрээр “Эскимо” нэртэй кафе барьж үйл ажиллагаа эхлээд тун удалгүй түүнээ слав үндэстний өвөрмөц амттай хоол хийдэг “Корчма” нэртэй ресторан болгон өргөжүүлсэн юм. Цаашлаад Орос, Украйн үндэсний хоол хийдэг “Гжель”, “Опанас” гэдэг хоёр том зоогийн газар байгуулснаар улаанбаатарчууд орос хоолны амтыг сайн мэдэх болжээ. Үүнтэй зэрэгцээн Опанасенко нь нарийн боовны газар худалдан авч хөгжүүлсээр нарийн боов, амттанаар үйлчилдэг жижиг кафены Улаанбаатартаа томд орох сүлжээг бий болгожээ. Шинэ жил болон бусад баяр ёслолоор монголчууд түүний сүлжээгээр үйлчлүүлж 10 тонн бялуу болон бусад амттан худалдан авдаг бөгөөд жилийн орлого нь 10 сая ам.доллар гэнэ.