Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор Монголын Мэргэжлийн Төгөлдөр Хуурчдын Холбоо болон Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн Төгөлдөр Хуурын тэнхимийн санаачилгаар “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль” -ийг анх удаа 2026 оны 06 дугаар сарын 22-26 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Фестивалийн хүрээнд
-Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан /2026.06.22-24/ (Мэргэжлийн болон сонирхон сурагчдад зориулсан)
-Мастер класс /2026.06.24/
-МУК-ын багш нараас туршлага судлах ур чадвар хөгжүүлэх нээлттэй хичээл
-Workshop /2026.06.25/
(Урлагийн боловсролыг дэмжих, олон нийтэд чиглэсэн лекц хичээлүүд
-“Гала” тоглолт /2026.06.26/
Мэргэжлийн хөгжимчдийн хамтарсан концерт
-Төгөлдөр хуур хөгжмийн Мэргэжлийн хөглөөч бэлтгэх тусгай сургалт зохион байгуулагдана.
Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан “Соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлж Агентлагийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох “Соёл, урлаг утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, чанартай хүртээмжтэй соёлын үйлчилгээг иргэдэд хүргэх, урлагийн боловсрол олгох” зорилтын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар уралдааны үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна гэж Соёл Урлагийн Газраас мэдээллээ.


























