Жүжигчин Элизабет Тэйлорын хөрөнгө таалал төгссөнөөс нь хойш 210 сая ам.доллараар арвижжээ. Клеопатрагийн дүрээр кино ертөнцийн түүхэнд мөнхөрсөн домогт жүжигчин өнгөрсөн онд 79 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг хорвоог орхисны дараа эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс нь Кристигийн дуудлага худалдаагаар зарж, 184 сая ам.доллар олсон байна. Үүнээс гадна түүний санаачлан гаргасан “White Diamonds” сүрчигийн борлуулалт 75 сая ам.долларт хүрсэн байна.
Бурхны оронд очсон ч амьд ахуй үе шигээ ашиг орлого олж, хөрөнгө нь зузаарсаар байдаг алдартай оддын жагсаалтыг ийнхүү Элизабет Тэйлор тэргүүлж эхэллээ. Түүний араас Майкл Жексон хоёрдугаарт бичигдэж байна. 2009 онд таалал төгссөн попын хааны нэр дээр өнгөрсөн 2011 онд 145 сая ам.долларын орлого цугларсан байна.