Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн санаачилга, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр АНУ-ын “Virtue Foundation” байгууллагын шугамаар АНУ, Энэтхэг, Монгол Улсын хамтарсан 15 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллалаа.
Тус баг 2026 оны зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд аймгийн төв болон сумдын нийт 360 гаруй иргэнд нүдний нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай иргэдэд амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэв. Мөн болрын эмгэг, хялар, нүдний даралт ихсэх зэрэг өвчний чиглэлээр 60 орчим мэс заслыг амжилттай хийсэн байна.
Олон улсын эмч нарын хамтарсан багийн ахлагчийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Олон улсын эмч нарын хамтарсан баг Хөвсгөл аймагт хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд уулзалтын үеэр төслийн багийн ахлагч ирэх жил дахин ажиллахаа илэрхийлсэн нь хамтын ажиллагааны үр өгөөж, ач холбогдлыг бататгасан үйл явдал боллоо.
Уг арга хэмжээ нь орон нутгийн иргэдэд шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өөрийн аймагтаа авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй ажил боллоо гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

























