Босни Сербийн иргэн 47 настай, лалын шашинтан Сенад Хажич лалын мөргөлтний их баяр Мекки дэх хажид оролцохын тулд өөрийн Банович суурингаас гарч таван мянга 650 км замыг 10 сарын турш явганаар туулж очжээ.
Тэрээр энэ хугацаанд долоон орон, хоёр их цөлийг туулан, иргэний дайн болж байгаа Сирийг хүртэл дайрч гарсан байна. Халаасандаа ямар ч мөнгөгүй, ердөө л 20 кг ачаа бүхий үүргэвч үүрсэн тэрээр өнгөрсөн жил замд гарч өдөрт 30-70 км зам туулж байжээ. “Надад өдөр бүр бэрхшээл учирч байсан. Дайн самуун, халуун хүйтэн гээд...” гэж тэрээр сэтгүүлчдэд хэлсэн байна. Хамгийн эхний бэрхшээл гэхэд л өнгөрсөн оны 12 дугаар сард Болгарт 35 градусын хүйтэнтэй таарчээ. Сирийн хил нэвтрэх гэж хэдэн цагийн турш хүлээсэн тэр сирийн засгийн газрын цэргүүд, бүр босогчидтой ч ярьж байж арай хийн нэвтэрсэн байна. “Сирийн нэг цэрэг бүр амьд мэнд яваад Меккед очвол миний өмнөөс залбираарай гэж гуйж байсан” гэж тэр ярьжээ.