Телевиз, интернэт гээд асар олон сувгаар мэдээлэл авдаг болсон өнөө цагт номтой нөхөрлөдөг хүүхэд бараг л байхгүйтэй адил болжээ. Одоогийн их дээд сургууль төгсч байгаа залуучуудаар хэдхэн үг бичүүлээд үзэхэд л олонхи нь зөв бичгийн дүрэм мэддэггүй үг үсгийн алдаа гаргана. Энэ бол ном уншдаггүйн нэг илрэл. Уг нь багаасаа ном уншвал үг үсгийн алдаагүй бичихээс гадна оюун тэлж санаа бодлоо эмх цэгцтэй ойлгуулдаг болж төлөвшдөг. Ер нь ном гэдэг мэдлэг нэмэхээс гадна хүмүүжлийн суурьт маш эерэг нөлөөтэй.
“Болор Алтан Эрдэнэ” ТББ-аас төрийн өмчит цэцэрлэгүүдийг номын сантай болгож, хүүхдийн хүмүүжил, оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрүүлжээ. Тус байгууллагын судалгаагаар цэцэрлэгийн нэг ангийг номын сантай болгоход 500-600 мянган төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийслэлд 1380, орон нутагт 3304 бүлэг бүхий төрийн өмчит цэцэрлэг үйл ажиллагаа явуулж сургуулийн өмнөх суурь боловсрол олгож байгаа юм. Төслийнхний хийсэн тооцоогоор эдгээр бүх бүлгийг номын сантай болгоход хоёр тэрбум 185 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ. 2011 онд халамж нэрээр Монгол Улс нэг их наяд орчим төгрөг тарааж хүнсний лангуу, архины үйлдвэрүүдэд л хөрөнгө оруулаад өнгөрсөн. Гэтэл түүний өчүүхэн хэсгээр л энэ мэт төслийг санхүүжүүлж болох байсан юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэгчдийн ярьснаар цэцэрлэгийн хоёр хүртэлх насны 20 хүүхэдтэй ангид номын сан хүлээлгэж өгөхөд номын зургуудыг хараад нэрлэж байгаа хоёрхон хүүхэд байсан гэнэ. Гэхдээ хүүхдүүд номыг маш их сонирхон үзсэн аж. Энэ бол хүүхдүүд гэртээ ч цэцэрлэгтээ ч номоос хөндий өсч байгаагийн илрэл. Гадаадын орнуудад сургуулийн өмнөх боловсролд ашигладаг нас сэтгэхгүйд нь тохирсон номыг сүүлийн жилүүдэд монголчууд орчуулан хэвлэх болсон. Бүр есөн сартайгаасаа эхэлж үздэг зурагт танин мэдэхгүйн номыг хэвлэн гаргаад гурван жил болж байгаа ч багачуудад төдийлөн хүрэхгүй байгаа аж. Тиймээс л энэ орон зайг нөхөж “Болор Алтан Эрдэнэ” ТББ олон олон хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулж явна. Өнгөрсөн пүрэв гаригт тус ТББ-ынхан Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд ажиллаж, сумын цэцэрлэгүүдийг “Бяцхан номын сан” төсөлдөө хамрууллаа. Хоёр сумын таван цэцэрлэгийг хамруулсан энэ ажлын санхүүжүүлэгчээр тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сентерра гоулд” компани ажилласан юм.
Нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан номоо сонгож авдаг
“Болор Алтан Эрдэнэ” ТББ-ын тэргүүн Т.Ууганбаяртай энэ үеэр уулзлаа.
-Бяцхан ном төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Юуны өмнө "Бяцхан номын сан" төслийг маань дэмжиж орон нутгийнхаа хүүхэд багачуудын оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаа “Сентерра гоулд” компанийн хамт олондоо талархснаа хэлье. Манай төсөл өмнө нь нийслэлийн цэцэрлэгүүдэд хүрдэг байсан бол өнөөдөр орон нутагт хэрэгжих эхлэл тавигдаж байгаад баяртай байна. “Болор Алтан Эрдэнэ” ТББ-ын хувьд төрийн өмчит цэцэрлэгийн ангиудыг номын сантай болгох зорилгоор “Бяцхан номын сан” төсөл хэрэгжүүлэн ажилладаг. Бид төсвийн хөрөнгөтэй цэцэрлэгүүдэд дан ганц ном бэлэглээд зогсохгүй тавиурыг нь хүртэл бэлдэж өгч байгаа.
-Номын сонголтоо яаж хийдэг юм бэ?
-Мэдээж хэрэг мэргэжлийн хүний зөвлөгөө зааврын дагуу тухайн бүлгийн хүүхдүүдийн нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан номоо сонгож авдаг. Тоо тоолол, байгаль экологи, үлгэр гээд л манай номууд хүүхдүүдийн маань сайн нөхөр болно гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна хүүхдийн гарын ая даах эдэлгээ уртыг нь бодож чанартай сайн хэвлэгдсэн ном сонгох хэрэгтэй. Өнөөдөр авч ирсэн эдгээр ном хэдэн жилдээ урагдаад алга болчихгүй эдэлгээ даана гэж бодож байгаа. Цэцэрлэгийнхэн маань дараа дараагийн хүүхдүүдэд өвлүүлэн хүргэхийн тулд анхаарал тавьж ажиллана гэсэн болохоор сэтгэл амар байна.
-Яагаад заавал “Сентерра гоулд” компанийг сонгож хамтарч ажиллах болов?
-Бяцхан номын сан төслөө хэрэгжүүлэх гэж олон компани, бизнесийнхэнтэй уулзаж байсан. “Сентерра гоулд” компанийн хувьд нийгмийн хариуцлага гэдгийг маш сайн хэрэгжүүлдэг юм шиг санагдсан. Өнөөдөр төрөөс төрөх эмнэлгээ ч засч, өргөтгөж чадахгүй байхад энэ компани 10 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, орчин цагийн шаардлага стандартад нийцсэн бүтээн байгуулалт хийж, манай улсад бэлэглэж байгаа тухай, бас орон нутагтаа ихээхэн дэмжлэг болж олон төсөл хэрэгжүүлдэг тухай хэвлэлээс уншиж байсан юм. Тэгээд л төслийнхөө танилцуулгыг аваад орсон. Компанийнхан ч нааштай хариу өгч сайхан хүлээж авснаар өнөөдөр орон нутагт төсөл маань хүрч олон хүүхдийг баярлуулж байна. Тус компанитай хамтарч Сэлэнгэ аймгийн таван цэцэрлэг, Дорнод аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэгт төслөө хэрэгжүүлнэ. Ингэж компанийн нийгмийн хариуцлага гаргаж хүүхдүүдэд тусалж байгаа нь нөгөө талаараа номыг бүтээсэн, хэвлэсэн үндэсний үйлдвэрлэгчдэд ч дэмжлэг болдог. Өнөөдөр олон сайхан ном хэвлэгдэж байгаа ч хүүхэд бүрт хүрч чадахгүй байгаа. Ялангуяа орон нутагт бол бүр ч орхигдсон ажил. Энэ бол компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ирээдүйд хөрөнгө оруулж байгаа чухал жишиг болж байна.
Бид хамгийн эхэнд номын сандаа шинэхэн номууд хүлээж авсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны “Янзагахан” цэцэрлэгийн эрхлэгч н.Халиуны сэтгэгдлийг сонслоо.
“Бяцхан номын сан” төсөл нүдээ олсон ажил боллоо
-Өнөөдөр танай цэцэрлэг олон сайхан номтой боллоо. ?
-Юуны түрүүнд буянтай үйл хийж байгаа “Болор Алтан Эрдэнэ” ТББ, манай орон нутагт олон сайн төсөл хэрэгжүүлдэг “Сентерра гоулд” компанийн хамт олонд хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчдынхаа өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье.Төрийн өмчит цэцэрлэгүүд маань ачааллаа ч дийлэхгүй төсөв мөнгөний бололцоо муу байгаа энэ үед манай цэцэрлэгт “Бяцхан номын сан” төсөл хэрэгжиж байгаад таатай байна. Үнэхээр нүдээ олсон ажил боллоо. Тэр дундаа орон нутагт энэ төсөлд хамрагдсан анхны цэцэрлэг болж байгаа нь сайхан байна. Манайх гурван мянга гаруй хүнтэй Хэрх тосгоны ганц цэцэрлэг л дээ. Өнөөдөр л гэхэд нэг ангид байх хүүхдийн тоо хоёр дахин их байна.
-Номын хувьд сонголт нь танд хэр таалагдав. Үргэлж хүүхэдтэй ажиллаж байгаа мэргэжлийн хүний нүдээр харвал?
-Хамгийн гол нь сургуулийн өмнөх суурь боловсрол олгоход тохирсон танин мэдэхгүйн асар их ач холбогдолтой номууд байна. Хүүхдүүдийн маань боловсролд хэрэгтэй зүйл олон байна. Багаасаа номтой нөхөрлөнө гэдэг ирээдүйд сайн хүн болж төлөвшихөд нь чухал. Жишээ нь, энэ ном гэхэд (ном авч үзүүлэв) гараараа хүрч тэмтэрч мэдрэх зориулалттай хийгдсэн маш сонирхолтой ном санагдлаа. Чанартай ч юм. “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж үг байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань номоороо дамжуулаад орчлон ертөнц, уран зохиолтой танилцана, мэдлэг нь дээшилнэ, хэл яриа нь хөгжинө гээд олон талын ач холбогдолтой. Тэгэхээр ийм сайхан зүйлийг хийж байгаа “Болор Алтан Эрдэнэ” ТББ, “Сентерра гоулд” компанийхаа хамт олонд дахин баярлаж байгаагаа илэрхийлье.
-Танай цэцэрлэгийн номын сан ер нь хэчнээн номтой байв аа?
-Өмнө нь эцэг эх асран хамгаалагчдын тусламжтайгаар авсан үлгэрийн хэдэн ном байсан. Багш сурган хүмүүжүүлэгчдэд маань мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд зориулсан гарын авлага байсан. Энэ жил анх удаа л “Сентерра гоулд” компанийн хөрөнгө оруулалттай ийм олон номтой болж байгаадаа баяртай байна.
Ном хүлээж авсан цэцэрлэгийн эрхлэгч нар маань бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тарнийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Зэмбээ:
-Юуны өмнө “Сентерра гоулд” компани болон “Болор Алтан Эрдэнэ” ТББ-аас хэрэгжүүлж байгаа энэ төсөлд их баярлаж байгаагаа илэрхийлье. Ялангуяа орон нутгийн цэцэрлэгүүдэд ингэж дэмжлэг үзүүлж байгаа нь их сайхан байна. Энэ бэлэглэсэн номуудыг хүүхдүүддээ нас насанд нь тохируулж хэрэглээд дараа дараагийн хүүхдүүддээ шилжүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлсэн байгууллагын хамт олонд ажилд нь өндөр амжилт хүсье.
Түнхэлийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважав:
-Цэцэрлэгүүдэд маань ер нь өөрийн гэсэн номын сан байдаггүй. Өнөөдөр энэ номын сангийн эхлэлийг тавьж байгаа “Сентерра гоулд” компанийнхаа хамт олонд болон “Болор Алтан Эрдэнэ” ТББ-д баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Эд маань цаашдаа боловсролын салбарт хийсэн ажлаа дэлгэрүүлэн олон сайхан үйлс хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Баянгол сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Наранцэцэг:
-Манай хүүхдүүдэд номын сан бэлэглэж байгаа “Сентерра гоулд” компани болон “Болор Алтан Эрдэнэ” ТББ-ынханд баярлалаа. Эдгээр номыг бид хичээл сургалтандаа ашиглаж ажиллана. Хүүхдүүдийн маань хүмүүжил сургалтад өндөр үүрэг гүйцэтгэхээр сайн номууд байгаа нь ажиглагдлаа.