Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын оюутны спортын “Универсиад 3” наадам өнөөдөр спортын төв ордонд нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтэд Монгол Улсад харьяалагддаг их дээд сургуулиуд болон Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Тус тэмцээн жүдо, чөлөөт бөх, тэшүүр, аэробек, спорт аялал, шатар, ширээний теннис, сагсанбөмбөг, волейбол, хөнгөн атлетик зэрэг спортын 15 төрөлд анхан шат, бүсийн, шигшээ гэсэн ангилалд зохион байгуулагдах ба тэмцээнийг ирэх оны нэгдүгээр сард өвлийн спорт болох цана, тэшүүрийн төрлөөр эхлүүлж ирэх тавдугаар сар хүртэл шигшээ тэмцээнүүд үргэлжлэх юм. Уг наадмаас шалгарсан баг тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дугаар, Италийн Трентинод болох өвлийн 26 дугаар Универсиад их наадамд оролцох юм.