Өнөөдөр онлайн ертөнц дотоод гадаадгүй сэргээшийн тухайн мэдээллээр амьсгалж байна. Дугуйн домогт тамирчин гэгддэг Лэнс Армстронг удаа дараа сэргээш хэрэглэсний улмаас Тур де Францын долоон удаагийн аваргын титмээ тайлж буй тухай гадаад ертөнцөд шуугьж байх хооронд дотоодод маань өнгөрсөн наадмаар сэргээш хэрэглэсэн нь илэрсэн хоёр бөх хэн байсан нь тодорхой болов.
Улсын наадамд барилдсан бөхчүүдээс сэргээш илэрсэн хүмүүсийн нэрийг давтан шинжилгээгээр баталгаажуулсан тохиолдолд олон нийтэд зарладаг. Өмнөх шинжилгээгээр бол хоёр бөхөөс сэргээш илэрсэн ч давтан шинжилгээний хариу ирэх хүртэл нэрийг нь нууцалж байсан билээ. Тэгвэл өчигдөр ирсэн хоёр дахь удаагийн шинжилгээ буюу В сорьцын хариугаар арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нараас допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагджээ.
Улсын арслан Х.Мөнхбаатар өнгөрсөн баяр наадмаар их шөвөгт үлдэж, наймын даваанд өвдөг шороодсон бол начин Б.Сугаржаргал зургаагийн даваанд унасан юм. Нэгэнт хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь батлагдсан учраас одоо хуулийн дагуу тэдний нэрийг нийтэд зарлаад, ямар хариуцлаг хүлээлгэхээ шийдэх ёстой.
Баяр наадмын тухай хууль ёсоор энэ тохиолдолд давааг нь хүчингүйд тооцож, цол чимгийг нь хураан, барилдах эрхийг нь хоёр жилээр хасахаар заасан байдаг.
Энэ хоёр дуулиант хэргийг мэдсэн юм шиг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Авлига тараасан улстөрч, сэргээш хэрэглэсэн бөх хоёр яг адилхан. Сэргээш хэрэглэсэн бөх түрүүлсэн байлаа ч давааг нь хүчингүй болгож цолыг нь хураадаг. Түүнтэй адил авлига тарааж санал авсан нэр дэвшигчдийн саналыг мөн хүчингүйд тооцох учиртай” хэмээн Өвөрхангайн 10 дугаар тойрогт гарсан маргааны талаар өнөөдөр мэдэгдэж байх юм. Сэргээш ээ гэж...