Азийн 23 дахь удаагийн аваргуудын цомын тэмцээнд манай улсаас “Хараагийн харцага” баг оролцож тэмцээнээ нэг ч хожилгүй өндөрлөөд байгаа. Харин багийн дасгалжуулагчаар ажилласан М.Амаржаргал энэ талаараа гадаадын хэвлэлд “Бид зөвхөн туршлага хуримтлуулж чансаагаа тогтоохоор ирсэн. Би бэлтгэл хийж эхэлсэн өдрөөсөө үүнд бэлэн байсан. Иймэрхүү тэмцээний хувьд бид чансаагаа мэднэ. Бидэнтэй таарсан багийн хоёр нь Азид толгой цохидог, тивдээ сагсан бөмбөгийн клубийн стандарт тогтоогчид. Гэхдээ манай тоглогчид өөртөө итгэлтэйгээр эдгээр багтай өрсөлдсөнд сэтгэл хангалуун байна. Үнэнийг хэлэхэд ийм төвшинд өрсөлдөх нь Монголын сагсан бөмбөгийн ертөнцийн нүдийг нээсэн явдал боллоо. Бид бүгд Монголын сагсан бөмбөгийн стандартыг сайжруулах талаар тууштай ажиллаж байгаа. Энэ тэмцээнээс хуримтлуулсан дадлага туршлага томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.