Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Мөнхбат: Дамдиншаравын амжилт бидэнд эрч хүч өгсөн

Тэртээх 1968 оны аравдугаар сарын 20-нд  Мехикогийн олимпоор  Монгол Улсын гавьяат тамирчин Ардын багш Ч.Дамдиншарав анхны хүрэл медаль   хүртсэн бол  тухайн үед  мөн чөлөөт бөхийн төрлөөр хүч үзсэн Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл,  Ж.Мөнхбат  мөнгөн медаль хүртэж  олимпын  медалийг эх орондоо авч ирсэн түүхтэй. Энэ цаг мөчөөс хойш  медалийн буухиа алтаас бусад нь тасрахгүй байсаар  2008 оны   Бээжингийн  олимпын наадамд  жүдо бөхийн  -100 кг-д хүч үзсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, боксын  56 кг-ын жинд рингэнд гарсан  Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртэж   ард түмнийхээ 44 жилийн хүлээлтийг тайлсан.  Ингэснээр саяхан болж өнгөрсөн Лондонгийн олимпын амжилттай нийлээд бид олимпын медаль хүртсэн 24  тамирчинтай болоод байгаа. Тив, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан олимпын медальт тамирчдаа алдаршуулах зорилгоор “Олимпын медальтнуудын өдөр”- ийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсаар хэдэн жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд ч гэсэн Монголын олимпын медальтнуудын холбооноос тамирчдынхаа амжилтыг алдаршуулах зорилгоор  тамирчид, тэдний ар гэрийн төлөөллүүдийг хүлээн авсан юм. Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбаттай  олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан тэр үеийн дурсамжаас хуучиллаа.

-Юуны түрүүнд танд олимпын медальтнуудын өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Монголын олимпын медальтнуудын хол­бооноос жил бүрийн 20-нд буюу бидний Мехикогийн олимпын наадамд медаль хүртэж байсан энэ өдөр биднийг хүлээн авч, хоорондоо хуучны сайхан дурсамжаа хуваалцах нэгэн боломж олгодог. Үүнд ч бид сэтгэл хангалуун явдаг юм.  
-1968 оны Мексикийн Ме­хико хотод болсон олим­пын наадмыг эргээд дурсаач. Таны хувьд хоёрдахь олим­пын наадамд оролцсон нь тэр байсан гэдэг?
-Тийм ээ. Бид Токиогийн олимпын наадамд анх оролцоод олимпын наадам гэж юу байдгийг  мэдэрч байлаа. Харин 1968 онд бол Мехикод  хэн хэн нь нүд тайлчихсан очиж байгаа нь тэр.  Хоёрдахь удаагаа монголчууд олимпод оролцож байхад биднийг мөн л төдийлэн мэддэггүй байсан. Хятад, Оросын дунд байдаг улс гэж л мэддэг байсан болов уу. Харин энэ олимпын наадамд  бид амжилттай оролцсоноор Чингисийн монголчууд гэж дэлхийд танигдаж эхэлсэн юм.
-Нэг ч ялагдаагүй  байж мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Та энэ дурсамжаа хуваалцвал?
-/инээв/ Онигоо ч гэхэд  хаашаа юм дээ.  Медалийн салхийг Ч.Дамдиншарав маань хагалж 52 кг-д хүрэл медаль хүртлээ. Медаль хүртээд бууж ирэхэд нь Т.Артаг, Д.Сэрээтэр бид гурав хөмсгөө зангидчихсан л сууж байлаа. Шийдвэрлэх үе ч ирсэн байж. Миний хувьд АНУ-ын бөх Т.Пекхэмийг ялбал медаль хүртэх байсан. Ингээд Ч.Дамдиншаравын медаль хүртсэн тэр эрч хүч ч бидэнд нөлөөлж гурвуулаа медалийн тавцанд гарсан даа.
-Таныг АНУ-ын бөх Т.Пекхэмтэй барилдахад С.Маг­сар гуай таны сэтгэл­зүйд  нөлөөлсөн  гэдэг?
-Намайг уурлавал асар их хүч гаргадаг гэдгийг манай хүн мэдэрсэн юм гэсэн. Бид хоёр эхний таван минутад хэн хэн нь оноо авч чадаагүй юм. Ингэтэл Магсар “Аварга л гэнэ. Ялж чадахгүй бол хэвтээд өгөөч. Тарваа эмчээ наадхаа сэвж яадаг юм” гэсэн.  Миний ч дургүй хүрч шүгэл дуугармагч гарч нэг оноо, дахин оноо авч, илт давуугаар ялж байсан. Тухайн үед сэтгэлзүйд нэлээн нөлөөлж чадсан шүү.
-Техникийн хувьд манай бөхчүүд хэр байв?
-Муухан байсан. Монгол хүн эрүүл хүнс иддэг тулдаа л хар бяраар  дийлдэг байсан юм. Гадаадынхан биднээс  техникээр илүү болохоор эхлээд их явж барилдана л даа. Бид ч залхтал нь бууж өгөхгүй. Тэгж байгаад тэдний бяр дуусаад ирэхээр бидний бяр нэмэгддэг. Ийм л үе байлаа. Харин одоо манай бөхчүүд техник, бяр аль алинаараа дийлдэхгүй байх.
-Цаг агаар, цагийн зөрүү гэгч зүйл энэ олимпод нөлөөлсөн үү?
-Манай улстай цаг агаарын хувьд бараг л ялгаагүй орон.
-Тухайн үед жин хэр хасч байв?
-Миний хувьд ч гайгүй ээ. Харин Ч.Дамдиншарав тэргүүтэй бөхчүүдийн хувьд нэлээн жин хасдаг байсан. Тухайн үеийн олимпод жин хасч орох их хэцүү. Тэмцээний үеэр  өдөр болгон жин шалгадаг байсан болохоор маш олон хоног өлсгөлөн явдаг байсан.
-Олимпын  медаль хүртчихээд Мексикийн гудамжаар алхаж явахад та нарыг хүмүүс аль орны бөхчүүд вэ гээд л их асууж шалгаадаг байсан гэсэн?
-Тэр чинь бас их учиртай. Би дээр хэлсэндээ. Биднийг ОХУ, Хятадын дунд байдаг л орон байх хэмээн  зарим нэгэн улсууд гадарладаг байсан гэж. Олимпын медаль хүртчихээд явж байхад “Хятадын Монгол уу, Оросын Монгол уу” гэж асууж байсан. Тэр үед бид аль нь ч биш. Чингисийн Монгол  гээд омгорхож  байлаа.
-Олимпын медаль тэрхэн үедээ хэр хол санагддаг байсан бэ?
-Хоёрдахь олимпын наадамдаа оролцож байсан болохоор чадна, ялна гэж орно шүү дээ. Харин манай улс олимпын наадам  гэдгийг төдийлэн мэддэггүй байсан цаг. Шуудан холбоо, телевиз ч ховорхон цаг байж. Ямар сайндаа л 1968 оны аравдугаар сарын 19-ний  шөнө  цахилгаан холбооны үүдэнд бөхөд хорхойтой хэдэн залуу хонож маргаашийн барилдааны дүн мэдээг хүлээж байхав дээ. Энэ мэт зүйлээс эхлээд л олимпын тоглолт  гэдгийг мэдэхээсээ мэдэхгүй нь их байсан. Одоо ч гэсэн олимпын медаль хүртсэн тамирчдынхаа үнэ цэнийг ойлгохгүй яваа нэгэн байгаа. 13 олимпын наадамд монголчууд оролцохдоо 24 медаль хүртлээ. Энэ бол бага тоо биш. БНХАУ-ын тамирчдыг дэлхийд тэргүүлэгч л гэдэг. Тэд 64, 68, 72 оны олимпын наадамд бие дааж оролцоогүй. Тэднийг  Тайвань төлөөлж байсан. Гэтэл тэдний  өнгөрсөн Лондонгийн олимп хүртэл авсан медалийг хүн амд нь хуваагаад үзэхэд  тааруу амжилт. Харин авсан медалиа манайх хүн амдаа хуваавал  тэргүүлэх амжилтыг бид гаргасан юм. Тэгэхээр Чингисийн монголчууд үнэ­хээр агуу.
-Олимп, дэлхийн алдарт­нуудыг сар бүр ца­линжуулж бүхий л  насаар нь амьдралын баталгаатай бол­голоо. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Ингэх хэрэгтэй юм чинь. Олимпоос медаль хүртсэн  тамирдад бүр илүү  өөрөөр хандах хэрэгтэй. Биеийн тамир бол хүнийг урт наслуулдаг. Спорт бол хэзээ ч урт наслуулахгүй. Зөвхөн Засгийн газар гэлтгүй, олимпын хороо ч үүн дээр бодолцож ажиллах хэрэгтэй. Хараад байхад манай олимпын хороо гэж юугаа ч шийдэж чадахгүй, Засгийн газраа харсан зовлонгийн үүр  л байх юм даа.

Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан