Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ГҮНДАВАА: ЗОРИЛГООС, ЗОРИЛГЫН ХООРОНД ТЭМҮҮЛЖ АМЬДАРНА

Дэлхийн шатрын 40 дүгээр олимпиадад манай улсын эрэгтэй, эмэгтэй шатарчид сүүлийн 20 жилд гаргаагүй амжилтаа үзүүлээд ирсэн билээ. Үүнээс гадна Монголын шатарчдад тохиосон хамгийн том бэлэг бол манайхан дөрөв дэх их мастер цолтноо өлгийдөн авсан юм. Энэ бол шатрын их мастер Б.Гүндаваа.  Ингэснээр Монгол Улс эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр их мастертай болсон юм. Түүнтэй ярилцлаа.

-17 жилийнхээ оюуны үр шимийг Станбулд үнэлүүлээд шатрын их мастер боллоо. Анх хэдэн наснаасаа шатар тоглож эхэлсэн бэ?
-Тиймээ.  Анх зургаан наснаасаа шатар тоглож  эхэлсэн. Түүнээс хойш 17 жилийн дараа зорьсон зорилгынхоо дөнгөж нэг хэсгийг нь давлаа. Гэхдээ би амжилтдаа ханаагүй, болоогүй байна. Үргэлж зорилгоос зорилгын хооронд тэмүүлж амьдарна.
-Станбулд болсон шатрын олимпиадын тухай  дурсах уу?
-Сүүлийн хоёр өрөг хамгийн шийдвэрлэх тоглолт байсан. Иракийн шатарчин их чанга өрсөлдөгч байсан. Түүнийг заавал хожих ёстой байсан болохоор зургаан цаг сууж, 80 нүүдэл хийж хожсон. Дараа нь Катарын их мастертай тоглож тэнцээд их мастерынхаа болзол биелүүлээд дэлхийн шилдгүүд цугласан тэр танхимаас гараад явж байхад өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэсэн. Хамгийн гол нь өөрөөрөө бахархахаас илүүтэйгээр надад тусалж байсан хүмүүст талархмаар байна. Би сүүлийн таван өрөгтөө үнэхээр чин сэтгэлээсээ тоглосон. Миний их мастер болсон гавьяаг ганцхан надаар төсөөлж болохгүй. Багийн хамт олны минь ач тус юм. Тэд байгаагүй бол би өдийд их мастер болохгүй байсан байх. Тиймээс их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/-ны  мастер Г.Мөнхгал, М.Гүнбаяр, мөн эмэгтэй багийнхан маань бүгд надад маш их дэм болсон.
-Сүүлийн өрөгт Катарын тамирчинтай тэнцээд их мастерын болзол биелүүлсэн тэр мөчид юу бодогдсон бэ?
-Миний хувьд өнөө хүртэл явсан зам мөрөө, эцэг эхээ, мөн хайртай багшийгаа бодсон. Эх орноос эхлээд маш олон зүйл дээр төвлөрч чадсан учраас сүүлийн таван өрөгтөө сайн тоглосон. Их мастерын болзол биелүүлсний дараа өөрийн эрхгүй уйлмаар санагдсан. Яг тэр үе бол миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг гэж хэлмээр байна.
-Өөрийнхөө тоглолтуудад ер нь хэр их дүгнэлт өгч байв?
-Ахмадууд маань дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглож байсан түүхтэй. Тэдний замналаар л явъя гэж боддог. Би багаасаа л Т.Үйтүмэн, Б.Мягмарсүрэн гуай шиг шилдэг шатарчин болох юмсан гэж мөрөөддөг байсан. Тийм болохоор үүний төлөө л хичээж байгаа. Дэлхийн олон шилдгүүдийн дунд эх орныхоо нэрийг унагаахгүй юмсан гэж хичээж, зүтгэж яваа. Намайг их мастерын болзол биелүүлэхийг багш маань даанч хүлээж чадсангүй. Гэхдээ тэнгэрийн орноос хараад сууж байгаа. Хоёр жилийн өмнө багшдаа амлалт өгч байсан болохоор бэлтгэлээ маш сайн хийсэн. Өргүүдийн хувьд гэвэл би алдаагаа эргэж харалгүй зөвхөн урагшаа л харж тоглосон. Гаргасан алдаандаа шаналж, өөрийгөө зовоохыг хүсээгүй. Багшдаа ч гэсэн би яг л ингэж амлаж байсан юм. Тийм болохоор ард гаргасан алдаагаа дахин гаргахгүйн тулд мартаж зөвхөн өмнөх тоглолтоо л харж тэмүүлсэн.
-Ингэхэд бэлтгэлээ яаж хийсэн бэ. Багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийсэн үү?
-Хятадууд, дэлхийн шатрын томчууд бэлтгэлээ яаж хийдэг вэ, яг л түүн шиг би өдөрт 10, заримдаа түүнээс ч илүү цагаар бэлтгэл хийж байлаа. Түүнийхээ үр дүнд дэлхийн томчуудтай олон тоглосон доо. 2700-гаас дээш чансаатай супер их мастеруудтай 10-аад удаа тоглосноос тавд нь тэнцэж байсан.  Анх Топаловтай тоглож байхад үнэхээр дийлээгүй. Харин одоо бол түүнээс дутах зүйл алга. Бэлтгэлээ маш сайн хийнэ. Гэхдээ бэлтгэлдээ хэт их анхаарвал амжилтад сөргөөр нөлөөлдөг. Бэлтгэлээс болж ядраад, хожигддог  тал бий. Хэрэв бэлтгэлээ тохируулж чадвал дэлхийн ямар ч шилдэг шатарчинтай өрсөлдөхөд бэлэн байна. Яагаад гэвэл надад бас манай шатарчдад маш их боломж байгааг би олж харсан юм.
-40 дүгээр олимпиадад дэлхийн шилдгүүд бараг бүгд ирсэн. Тэднээс хэнтэй нь тоглож үзэхийг хүссэн бэ?
-Хэн нэгэн шилдэгтэй тоглох гэхээсээ илүүтэй энэ олимпиадад оролцсон нь  том хувь заяа гэж боддог. Яагаад гэвэл хүссэн хүн бүр олимпиадад ороод байдаггүй. Түүнд оролцоод, улс эх орныхоо нэр төрийг гаргаж байна гэдэг нь нэг ёсны том хувь заяа юм. Олимпиадад тоглох нь өөрөө нэр төрийн хэрэг. Миний хувьд долоон их мастер, нэг олон улсын мастер, ФИДЕ-гийн  нэг мастертай тоглосон. 50 хувийн амжилт үзүүлсэн болохоор өөртөө сэтгэл хангалуун байгаа. Энэ жил Ананд, Карлсен нараас бусад нь оролцсон.
-Баг болж чадахын тулд нэг хүн шиг байх ёстой. Та бүхний хувьд атгасан гар шиг санаа нийлж, яг багийн хэмнэлээр зүтгэж чадсан уу?
-Чадалгүй яах вэ. Их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун хоёр маань багийнхаа лидерийн үүргийг маш сайн гүйцэтгэсэн. ФИДЕ-гийн  мастер Г.Мөнхгал, М.Гүнбаяр нар багтаа маш их үүрэг хүлээсэн. Энэ хоёр маань цол авах боломжтой байсан ч энэ удаа надад боломж олгож, тусаллаа. Хүн сайн багтай байна гэдэг сайхан юм. Бидний хувьд нэгнийгээ нөхөж чадаж байсан учраас амжилтаа ахиулсан болов уу гэж боддог. Д.Шаравдорж ах бидэнд ахын хувиар зааж зөвлөж, бас бидэнд их нөмөр болсон. Харин бусад нь нэг үеийн андууд болохоор нэгнээ маш сайн ойлгож, мэдэрч байсан.
-Та бүхний хичээллэж байгаа спорт, гаргасан амжилтыг хэр их үнэлдэг гэж боддог вэ?
-Манай улсад спортын олон төрөл хөгжиж байна. Тэднээс хамгийн бага үнэлэмжтэй нь шатрын спорт байдаг. Уг нь бол оюуны агуу спорт шүү дээ. дэмжсэнгүй гээд бид гомдоллоод суух биш, өөрийнхөө чадах бүхнээ л гаргах хэрэгтэй. Ингэж чадвал ард түмэн ойлгоно. Би ийм л бодолтой явдаг. Хүн хэлж ярихаа эхэнд тавихаасаа илүүтэй хийх л хэрэгтэй. Шатрын спортыг сонирхдог олон хүүхэд бий. Яагаад гэвэл монголчууд оюуны чадавхитай шүү дээ. Тиймээс бид өөрсдөө л хичээх хэрэгтэй юм уу даа.
-Шатарчин болоход хамгийн ихээр  юу нөлөөлсөн бэ?
-Шатрын спорт хүнийг төлөв­шүүл­дэг. Зөв хүн болгодог учраас би энэ спортыг сонгосон. Их мастер болсноороо тодорхой хэмжээгээр төлөвш­сөн юм шиг сэтгэгдэл төрж байгаа. Би ямар нэгэн эд хөрөнгө, алдар нэр хөөцөлдөж шатрын спортод дурлаагүй. Зөв хүн болж хүмүүжихийн тулд шатартай нөхөрлөх болсон юм. Энэ бол зөвхөн оюун ухаан задалдаг спорт биш гэдгийг хүмүүс сайн ойлгоосой гэж би дотроо боддог. Шатраар үлгэр жишээ болж болно. Шатраар амьдарч болдог юмаа гэдгийг л харуулахыг хүсч байна. Шатар гэдэг үнэхээр агуу спорт болохыг маш сайн ойлголоо. Энэ спортод хүн чанартай, шударга, сэтгэлээсээ хандаж чадвал  хүнийг маш сайн төлөвшүүлдэг юм байна. Үүнийг би яг одоо мэдэрч байна.
-Шатарчдыг дуугүй, даруухан гэх бодолтой хүн олон байдаг. Б.Гүндаваа мастерын хувьд найз нөхөд хэр олонтой вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Шатар бол маш олон цагаар суудаг, боддог ачаалалтай спорт учраас хамгийн түрүүнд сайн амрах хэрэгтэй. Нойронд сайн байх ёстой. Тиймээс унтаж амрахыг л боддог. Бага байхдаа шатрынхаа хажуугаар бусдын адил тоглодог байлаа. Харин одоо бол гүн ухаан, философи судалдаг. Мэдээж найз нөхөд олон байлгүй яах вэ. Би шатраар гайгүй нэр хүндтэй ч хүнийг ялгаж харьцаж үзээгүй. Бүгдтэй нь л адилхан найз нөхөд байхыг хичээдэг.
-Зорилгынхоо нэг хэсэгт хүрлээ гэж ярьсан. Тэгвэл дараачийнх нь?
-Би нэг зүйлийг зориг гаргаад хэлмээр байна. Нэгэнт их мастер болсон юм чинь одоо дэлхийн аварга болохын төлөө зүтгэмээр байна. Ганц би ч биш бүгдээрээ зүтгэх хэрэгтэй. Бидэнд тийм боломж байгаа. Иймд  монголоос эрэгтэй, эмэгтэй дэлхийн аварга төрнө гэдэгт итгэлтэй байна. Зорилгоос зорилгын төлөө тэмүүлж байгаа учраас бид бүгдэд боломж байна. Яагаад дэлхий дээр дэлхийн аварга цолтон 15-хан төрөв. Яагаад  Монголоос 17, 18 дахь аварга нь төрж болохгүй гэж.

Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан