Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аймшиггүй Феликс” өмнө нь Христийн хөшөө, Тайпейн цамхагаас үсэрч байжээ

Феликс Баумгартнер хэмээх зоригт эрийг дэлхий дахин өнгөрсөн ням гаригт мэдэж авсан. Тэрээр агаар мандалд 39 километрийн дээрээс чөлөөт уналт хийхдээ дуунаас хурднаар үсэрч, хүн төрөлхтөний өмнө хэзээ ч үзүүлээгүй амжилт гаргасан юм. 

Феликс Баумгартнерыг энэ солиотой туршилтаар нь дэлхий даяар мэдэж авсан боловч тэрээр өмнө нь үүнээс ч дутахааргүй эрсдэлтэй олон туршилт хийж “Аймшиггүй Феликс” хэмээх хочтой болсон нэгэн аж.
Хүүхэд байхдаа хажуугаар нь өнгөрсөн мод бүр рүүгээ авирч үздэг байсан Феликс насанд хүрсэн хойноо ч мод, байшин, барилга гээд өндөр юм бүхэн рүү авирдаг хэвээрээ, үүнийгээ амьдралын нэг хэсэг, хобби болгон хөгжүүлжээ.
Альпийн үзэсгэлэнт Зальцбург хотод төрсөн Феликс 17 наснаасаа шүхрийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Австрийн армид таван жил алба хаахдаа үхрийн үзүүлэн сургалт хийх багт ажиллаж байжээ. Тэр үеэс тэрээр чөлөөт уналтын спортыг шимтэн сонирхож, армиас халагдсаны дараа хорхойсч явдаг энэ хоббигоо хөгжүүлсэн байна. Ингээд хамгийн томоохон үсрэлтээ 1995 онд АНУ-ын баруун Виржинияд хийжээ. Тэндэхийн хамгийн өндөр гүүрнээс чөлөөт уналт хийснээрээ “Red Bull”-ээс ивээн тэтгэлэг олж чадсан тэрээр Лас Вегасын Mandalay казино, Мюнхений Олимпын цамхаг, дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг  Малайзын Петронас цамхагаас үсэрч байжээ.  Тэр ч бүү хэл Бразилийн Рио Де Жанейро дахь Христийн Редеемерийн хөшөөнөөс чөлөөт уналт хийсэн нь хамгийн эрсдэлтэй туршилтад тооцогдож байв. Хэдийгээр 40 метр өндөр Христийн хөшөө дэлхийд өндрөөрөө тавдугаарт бичигддэг боловч газардахад ердөө 2,5 секунд л шаардлагатай. Тэгэхээр шүхрээ тэр хугацаанд тун шалмаг задлах хэмжээний туршлага Феликст хэрэгтэй байсан бөгөөд тэрээр нэг секундэд шүхрээ ажиллуулж, туршилтаа амжилттай дуусгаж байжээ.  

Тэрээр энэ мэтчилэн асар их эрсдэлтэй 2600 удаагийн чөлөөт уналт хийж байсан гэдэг. Тэрээр туршилтаа хийхдээ орон нутгаас нь ихэнхдээ зөвшөөрөл авдаггүй учир цагдаад баригдаж хоригдох үе ч гарч байжээ. Тийм ч учраас Тайванийн 101 давхар цамхагаас чөлөөт уналтаар газардсаныхаа дараа бушуухан нисэх буудал руу зүглэж байсан удаатай гэнэ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан