Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролын салбар F дүн авсан нь хэний буруу вэ

Боловсролын салбар маань олон улсын судалгааны байгууллагаас “F” буюу муу гэсэн  үнэлгээ авчээ. Одоогийн БШУЯ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон улсын судалгааны байгууллагад 1,5 сая ам.доллар төлж, ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдынхаа сурлагын чанарт үнэлгээ  хийлгэсэн ч “F” дүн авсан гэнэ. “ТИМСС”, “ПИРЛС 2011” судалгааг  олон улсын боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон коллеж, Канадын статистикийн газар хамтран  зохион байгуулжээ.  “ПИРЛС”-аар дөрөвдүгээр ангийн сурагчдын унших чадварын түвшнийг судалсан бол  “ТИМСС” нь дөрөв болон наймдугаар ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түвшинг тогтоодог аж. Уг судалгаанд 80 гаруй улс, орон  хамрагдаж байсан аж.
Судалгаанд оролцохоор сургуулиас ирүүлсэн материал дээрхи сурагчийн овог, нэр, төрсөн он зэрэг мэдээлэл нь хүртэл алдаатай байжээ. Харин тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээр манай улсын дөрөвдүгээр ангийн сурагчдын  хувьд бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, уншаад ойлгох чадвар сул гэж дүгнэжээ. Хот, хөдөөгийн зарим сургуулийг харьцуулан нарийвчилсан судалгаа хийхэд хотын захын зарим сургууль хөдөөгийн сургуулиас муу. Хөдөөгийн сурагчдын үзүүлэлт хотынхоос доогуур  боловч бичгийн хэв сайн, хариулах байдал чанартай байсан аж. Сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр зөв хариултыг таамгаар сонгох, хариултыг багцаалан хайж байгаагаас  харагдсан гэж судалгааг хийсэн мэргэжилтэнүүд дүгнэлтэндээ тусгасан байна.
Ийнхүү судалгаанд оролцсон дөрөвдүгээр ангийн сурагчдын сурлагын чанарыг хангалтгүй гэж үзсэн бол наймдугаар ангийн сурагчдын тестийн дүнг маш муу гэж дүгнэсэн байх юм. Тухайлбал, Улаанбаатарын сургуулиудын математикийн дундаж дүн 28,3, байгалийн ухаан 33,6 хувь  гэсэн үнэлгээ авсан байхад Баян-Өлгий аймгийн сургуулиуд математик 14,9, байгалийн ухаан 17,0 хувь  гэсэн үнэлгээ авчээ. Нэгтгээд улсын хэмжээнд дүгнэвэл манай улсын боловсролын тогтолцоо, сургалтын чанар   39,6 хувь буюу “F” үнэлгээ болж байгаа нь тэр гэнэ. 
Томоохон сайтуудаар цацагдаад байгаа дээрхи судалгааны дүн дунд сургуульд хүүхэд нь сурдаг эцэг эхчүүдэд нэгийг бодогдуулж хүүхдийнхээ суралгын дэвтрийг харахад хүргэсэн нь ойлгомжтой. “Зарлаж, дэлгээд байх сайхан үр дүн биш хэдий ч эх орны залгамж халаа болсон хүүхдүүдийнх нь сурлагын дэвтэр “F”-ээр дүүрч байхад салбарын яам өнөөдрийг хүртэл юунд дуугүй сууна” хэмээн төгсгөсөн мэдээллийн мөрөөр БШУЯ-ыг зорьсон юм.  
Энэ талаар мэдээлэл өгөх хүн цөөн байсан ч БШУЯ-ны нэрээ нууцалсан эх сурвалж “Ийм судалгаа хийлгэсэн нь үнэн. Гэхдээ ганцхан сургуулийн дүнг дэлгэсэн байна билээ. Дундчилсан дүн нь арай дээгүүр хувьтай “F” байсан юм. Гэхдээ өмнөх сайд энэ талаархи мэдээллийг ил гаргаж мэдээлээгүй  шалтгаан нь ойлгомжтой шүү дээ. Шинэ засгийн газар байгуулагдаад яамны маань бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Үйл ажиллагаа явж байгаа ч гэсэн яамны бүтэц бүрэлдхүүнд хийсэн өөрчлөлтүүд шийдэгдээгүй байна. Бас хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Гэхдээ цаашид шат дараатай зүйл хийхээр төвөллөөд байгаа” гэсэн юм.
Өмнөх Засгийн газар Кембрижийн боловсролыг Монголд оруулж ирлээ, монголын боловсрол дэлхийд тэргүүлж эхэллээ гээд л  байсан. Гэтэл үнэндээ, яг хэрэг дээрээ хөндлөнгийн ганцхан шалгалтаар л ийм дүн гарлаа. Шалгалтын дүн муу гарсан нь цаг үргэлж цалингаа голж суудаг багш нарын буруу юу, эсвэл багш нарынхаа заасан зүйлийг дутуу дулимаг сурсан сурагчдын буруу юм болов уу.
Эсвэл хийж байгаа бүхнээс хамгаас агуу гэж сайрхан магтаад, ганц нэг гадаад багштай, өндөр төлбөртэй сургууль нээснээ ажил хийлээ хэмээн дэвэргэж, боловсролынхоо нийт тогтолцоог, улсын хэмжээний бүх сургуулийг умартаад явсан Засгийн газар, сайдын нь алдаа юу.
Юутай ч шинэчлэлийн гээд бай­гаа шинэ Засгийн газар, БШУЯ улс орны­хоо ирээдүйд санаа тавьж боловс­ролынхоо салбарт анхаарлаа хан­дуу­лах зайлшгүй хэрэгтэй болох нь ээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
thh mongold suraad ch hereg alga hairan mungu tsag hugatsaa, gadaadad surval hamaagui medleg bolovsroltoi humuujiltai bolnodo
Хамгийн их уншсан