Спорт , бэлтгэлийн төвийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатартай багийн спортын хөгжлийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Багийн спорт манай улсад хөгжихгүй л гэдэг. Үнэн хэрэгтээ бид хөгжүүлэх үндэс суурийг нь тавьж өгч чадахгүй яваад байгаад л гол учир нь байна. Энэ талаар та ямар шийдэлд хүрч, яаж ажиллах төлөвлөгөөтэй байна?
- Багийн спортыг хөгжүүлэх талаар манай яам бодлогын газар хөтөлбөр боловсруулах байх. Энэ асуудлыг яриагүй биш бярьж байгаа. Ер нь багийн спортын төрлөө хөгжүүлээд байнгын бэлтгэл сургуулилт хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь нэн түрүүний асуудал. Тиймээс энэ талын зүйлийг нэн даруй шийдэх тал дээр бид ярилцаж эерэг арга хэмжээ авах болно. Мөн багийн спортыг хөгжүүлэхийн тулд нэн түрүүний хэдэн шаардлага тулгарах байх.
-Юу байхав?
-Нэн түрүүнд багийн спорт түлхүү хөгжсөн орнуудаас туршлагатай мэргэжилтэн авчрах шаардлагатай. Бид хөгжсөн орнуудын туршлагаас суралцах нь нэгдүгээрт тавих зүйл байх. Жишээ нь сайн туршлагатай дасгалжуулагчтай байж ямар ч спорт хөгждөг шүү дээ. Хөгжсөн орнуудын арга туршлагаас суралцаад хөрөнгө мөнгийг нь шийдээд өгчихвал манайд багийн спорт хөгжихгүй биш хөгжинө.
-Шигшээ багийн тамирчдыг хараад байхад асуудал их байдаг. Адаглаад л багийн спортын шигшээ багийн тамирчид цалин авч байсан тохиолдлыг би мэдэхгүй?
- Тийм ээ. Улсаас олимпод амжилт гаргах төрлүүдийнхээ л шигшээ багийг дэмжиж ажиллаж байгаа. Яваандаа төрөөс холбоодыг санхүүжүүлж холбоодоор нь дамжуулан адилхан цалинжуулж эхлэх байх.
-Олс таталтын спортынхноор жишээлэхэд тэднийг зориулалтын хувцас хэрэглэлгүйн улмаас тэмцээнд ялагдаж байсныг мэдэх юм. Энэ тухай ч гэсэн бодолцож байгаа юу?
-Бид зөвхөн шигшээ багийг барьж ажиллах үүрэгтэй. Тиймээс энэ талаар бол яамнаас нарийн боловсруулж шийдэх байх. Шийдээд бидэнд ирсэн тохиолдолд үргэлжлүүлээд авч ажиллана. Энэ талаар Жаргалсайхан дарга нарийн сайн мэднэ.
-Асуухгүй өнгөрч боломгүй асуудал байна. Он гараад сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн эхэлнэ. Хамгийн хэцүү асуудал заал танхим. А зааланд тэмцээн болдог ч, чөлөөт бөхийн шигшээ багийн тэмцээн, бэлтгэл сургуулилт болоход завсарладаг. Энэ жил хаана зохион байгуулах вэ?
-Үүнийг бид ярилцаж байна. Тун удахгүй нэг шийд гарах байх.