Монголын биеийн тамир спортын түүхэнд анх удаа салбар хариуцсан яамтай болсон. Үүнийгээ дагаад биеийн тамир спортын салбарт дорвитой өөрчлөлт гарч, олон улсын тэмцээн уралдаанд тамирчид саадгүй оролцож үүнийхээ хэрээр амжилт гаргах нөхцөл нь дээшилнэ гэх юм. Энэ мэт зүйлийг салбар хариуцсан сайд, төлөөлөгч нар ам уралдан ярьж шинэчилсэн зохион байгуулалтад орж ажиллахаа ч дор бүрнээ амлаад байгаа. Өдөр бүр л спортын аль нэг холбоодын төлөөлөлтэй уулзаж болж бүтэхгүй зүйлийг сонсч, цаашдаа хэрхэн ажиллах, дутагдалтай зүйлийг нь нөхөн сайжруулахаа тэд амласаар. Зарим нэгэн ажлыг ч эхлүүлсэн байх. Гэтэл тэд жинхэнэ спортын талбар дунд зовлон жаргалыг бие сэтгэлээрээ мэдэрч байгаа тамирчидтай уулзаж нэг ч болтугай тэдний бодит байдалтай танилцсангүй. Үүний нэг жишээ Монголын хөнгөн атлетикийн холбооны тамирчдаас мэдрэгдлээ.
Хагас зуун жил оршин тогтнож буй Монголын хөнгөн атлетикийн холбооны сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нарын амжилтаар л хэмжиж болох юм. Тус холбоог өөд нь татаж, нэр хүндийг нь уландаа гишгүүлэхгүй авч яваа хоёр тамирчин. Гэтэл уншигч түмэнтэй хамгийн ойр байдаг эрхэм бол тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар. Түүнийг бид энэ спортыг хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ дайчилж олон улсын түвшинд хүргэхэд гарц хайж яваа эрхэм л гэж боддог. Гэтэл сайны хажуугаар саар зүйл байдаг бололтой. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн манай ажлын утас ч амарсангүй, сүүлдээ хөнгөн атлетикийн спортын тамирчдын төлөөллүүд өргөдөл барьчихсан “Бидний үнэн учрыг сонсч Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болдтой уулзуулж өгөөч хэмээн гуйх”. Учир шалтгааныг сонсвол Монгол нэрийн дор овоглодог хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үнэхээр дарамт шахалтан дунд байж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатарын доромжлолыг амссаар өдий хүрсэн байна.
Энэ талаараа ч тэд нуулгүй ярьсан юм. Нэрээ одоогоор нууцлахыг хүссэн тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.
-Яг ямар шалтгаанаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах болсноо хэлээч?
-Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид бүхэн бүх зүйлийг шударга, үнэн бодитой байгаасай л гэж хүсдэг. Бас хардаг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын хөнгөн атлетикийн холбооны тамирчид үнэхээр дарамт, шахалтад байсаар ирсэн. Энэ нь холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатараас үүдэлтэй юм л даа. Манай шигшээ багийн хоёр тамирчин байдгийг л ард түмэн сайн мэдэх байх. Бусад тамирчдын тухайд ОУ-ын тэмцээн уралдаанд оролцоно гэдэг үнэхээр их асуудалтай. Бараг л боломжгүй зүйл. Энэ мэт асуудлаас болоод Л.Болд даргатай уулзах гэхээр холбооноос биднийг хориод байгаа юм. Бүр Ч.Зоригтбаатар дарга “Та нартай тэр хүн тоож уулзахгүй, нохойн бааснууд” мэтээр доромжилдог.
-Уулзах хүсэлтээ илгээж байсан юм уу?
-Тийм ээ. Нэлээн хэдэн удаа уулзах гээд чадаагүй. Зарим тохиолдолд холбоон дээр ирэхээр нь боломж олдлоо гэхэд Ч.Зоригтбаатар дарга нөгөө уран үгээрээ сэнхрүүлээд, ямар ч асуудалгүй юм шиг зүйл ярьчихдаг юм.
-Олимпын өмнөхөн Ч.Зоригтбаатар даргыг огцруулах тухай өргөх бичиг БТСГ-т тавьсан гэсэн. Энэ юу болсон юм бэ?
-Өмнөх Биеийн тамир, спорт газрын дарга Ч.Наранбаатар чинь Ч.Зоригтбаатарын төрсөн ах нь. Тэгэхээр тухайн үед ямар ч сөрөг асуудал гарсан дүүгийнхээ талд л шийддэг байсан. Ер нь ахынхаа далбаан дор тэмцээн болгоноос мөнгө иддэг байсныг ч бид гэрчилнэ.
-Жишээ нь ямар тэмцээнээс мөнгө завшиж байсан юм бэ?
-2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10000 метрийн марафон гүйлтийн тэмцээн болоогүй. Гэтэл Ч.Зоригтбаатар дарга тус төрлийг болсон мэтээр бичиж, Ч.Наранбаатар даргаар батлуулж шагналын мөнгийг нь өөртөө авсан байдаг.
-Энэ мэт гомдлыг та нар өөрт нь хэлж байсан уу?
-Хэлж байсан. Холбооны ерөнхийлөгч Л.Болд даргад хүртэл хэлнэ хэмээн сануулж байсан. Гэтэл биднийг “Та нар яваад үз. Юу олж долоодог юм. Гуйлагчингуудаа” хэмээн байнга доромжилдог. Бид энэ байдлыг нь удаан тэвчлээ. Одоо Л.Болд даргатай л уулзаж хамаг үнэнгээ хэлэх, цаашлаад удирдлагаа солимоор байна. Энэ бүхий л гомдлыг цуглуулсан тамирчдын гарын үсэгтэй баримт нотолгоо ч байгаа. Бид түүнийг нийтэд дэлгэхэд ч бэлэн байна ” гэсэн юм. Харин энэ талаар Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатартай холбогдож тодруулах гэтэл “Би одоогоор завгүй явж байна. Дараа болох уу. Тэгээд танай сонин чинь хэн нэгний гомдол хүсэлтийн дагуу юм бичдэг болоо юу” хэмээн утсаа таслав. Спорт холбоог удирдаж, тив дэлхийн хэмжээнд баг тамирчдаа чиглүүлэх үүрэгтэй энэ эрхэм ийм зүй зохисгүй үйлдэл гаргаж, тамирчдаа хагаралдуулж болмооргүй л санагдах юм. Нөгөөтэйгүүр энэ холбооны ерөнхийлөгч гэгдээд байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд гишүүн ажлаа хэрхэн явуулж баг тамирчдаа яаж удирддаг нь ойлгомжтой харагдаж байгаа юм.