Үндэсний олимпын хорооны урилгаар Өвөрмонголын өөртөө засах орны Биеийн тамир, спортын хорооны удирдлагууд манайд албан айлчлал хийж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны БТСХ-ны орлогч дарга Ли Жы-Юү тэргүүтэй албаныхан багтаж байгаа бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэднийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Д.Загдсүрэн “Лондон 2012 олимпийн наадамд манай баг таван медаль хүртсэн. Энэ амжилтанд хүрэхэд Өвөр Монголын спорт хорооны оруулсан хувь нэмэр бий. Өнгөрсөн хугацаанд манай улсаас чөлөөт бөх, жүдо, боксын төрлөөр олон тамирчин танай оронд очиж, хамтарсан бэлтгэл хийсэн” хэмээн ярьсан бол Ли Жы-Юү манай тамирчдад олимпоос таван медаль хүртсэнд баяр хүргээд “Монгол дээр дурдсан гурван төрөл, хүчний спортын төрлөөр дэлхийн шилдгүүдийн нэг болсон. Бид хэдийгээр заал танхим, дэд бүтцийн хувьд санаа зовох зүйлгүй ч сургалт дасгалжуулалтын тал дээр та бүхнээс сурах зүйл маш их байна” гэжээ.
ӨМӨЗО-ны төлөөлөгчид гурав хоног айлчлахдаа жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийг өргөлтийн холбооны удирдлагуудтай уулзах юм байна.