Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өргөмөл ах Ник Гордонтойгоо сүй тавьжээ. Өнгөрсөн наймдугаар сард тэрээр өргөмөл ахаасаа цэнхэр чулуун шигтгээтэй алмаазан бөгж хүлээн авах үед тэднийг сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч тэд өөрсдөө үгүйсгэж байсан билээ. Тэгвэл удахгүй Америкийн телевизээр цацагдах Хьюстоны гэр бүлийнхний реалити шоугаар Уитнигийн хүүхдүүд хоорондоо сүй тавьснаа нийтэд илчлэх гэнэ. Интернэтэд цацагдсан шоуны трэйлерээс харвал Бобби Кристина Браун, Ник Гордон хоёр сүй тавьснаа хэлж, гэр бүлийнхнийгээ гайхашруулсан байна.
19 настай Бобби Кристина Браун хүүхэд байхаасаа Ник Гордонтой хамт амьдарч ирсэн юм. Одоо 22 настай Ник Гордоныг 12-той байхад нь эцэг нь шоронд орж, эх нь хүүхдээ харж асарч чадахгүй гэсэн учир Уитни Хьюстон гэртээ авчирч, өсгөсөн юм.