Дугуйн домогт тамирчин Лэнс Армстронг спортын түүхэнд байгаагүй хамгийн нарийн аргаар мэргэжлийн хэмжээнд допинг ашигладаг байсныг АНУ-ын Допингийн эсрэг агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдэгдсэнээр Л.Армстронг допинг хэрэглэдэг байсныг батлах 1000 гаруй хуудас бүхий баримт нотолгоог албаныхан бэлтгэсний дотор Л.Армстронгийн багийн тамирчдаас авсан гэрчийн мэдүүлэг, лабораторийн шинжилгээ, эрдэм шинжилгээний мэдээлэл, цахилгаан шуудан, санхүүгийн мэдээллүүд гээд няцааж болошгүй хөдлөшгүй баримт багтаж байгаа гэнэ. Энэ бүхэн бол Тур де Францын долоон удаагийн аварга Лэнс Армстронг спортын шүтэн бишрэгчдээ хэрхэн хуурч байсныг нотлох хангалттай баримт болно гэж Допингийн эсрэг агентлагийн захирал хэвлэлд мэдэгджээ.
Хорт хавдар өвчнийг ялан дийлж, хүний тэсвэр хатуужил, тэвчээр гэдгийг спортын ертөнцөд харуулж чадан, олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа түрүүлсэн гайхамшигт тамирчин гэгддэг Лэнс Армстронгийн энэхүү булхайтай явдлыг илчлэх баримтуудыг Допингийн эсрэг агентлаг өнөөдөр өөрийн цахим хуудсанд нийтлэх аж. Түүнчлэн эдгээр баримт бүхий илтгэлээ Олон улсын дугуйн холбоо, Дэлхийн Допингийн эсрэг агентлаг, Дэлхий триатлоны холбоонд илгээсэн байна.
Гэвч тус агентлагийн эдгээр баримтыг зөвхөн нэг талыг барьсан, үндэслэлгүй зүйлс хэмээн Л.Армстронгийн багийнхан няцааж байна.
Хорт хавдар өвчнөөс эдгэрснийхээ дараа спортдоо эргэн ирж 1999-2005 онд Тур де Францыг тэргүүлсэн Лэнс Армстронг 205 онд зодог тайлсан ч хоёр жилийн дараа эргэж ирсэн билээ. Харин түүнтэй холбоотой допингийн маргаан 2010 оны тавдугаар сараас эхлэн дэгджээ. Армстронгтой хамт нэг багт багтдаг Флойд Лэндис хэмээх тамирчин түүнийг сэргээш хэрэглэдэг хэмээн мэдэгдсэний дараа өнгөрсөн оны мөн тавдугаар сард Тайлон Хэмилтон хэмээх дугуйчин ч энэ мэдээллийг баталсан юм. Ингээд энэ оны хоёрдугаар сараас Холбооны прокурорын газраас Армстронгийн эсрэг шалгалт хийж эхэлсэн. АНУ-ын Допингийн эсрэг агентлаг ч давхаш шалгалт хийх эхэлсэн бөгөөд Л.Армстронг тус агентлагийн эсрэг шүүхэд хандсан боловч авч хэлэлцээгүй юм. Үүний дараа буюу өнгөрсөн наймдугаар сард Амрстронг түүнийг шалгаж буй явдлыг эсэргүүцэхээ больсон гэдгээ мэдэгдсэн ч өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.