Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАШТ-ий 10 удаагийн аварга С.Йошидад ФИЛА баяр хүргэлээ

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас Канад улсын Страткона Канти хотод болж өнгөрсөн эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-д 55 кг-ын жинд алтан медаль хүртэж дэлхийн дэвжээнд 10 дахь удаагаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд гайхамшигт амжилт гаргасан Японы бөх Саори Йошида болон Японы бөхийн холбоонд баяр хүргэжээ.  

Тэрээр 1998, 2001 онуудад өсвөр үеийн болон залуучуудын ДАШТ-нд тус бүр хоёр удаа алтан медаль хүртэж сүүлийн гурван Зуны олимпын наадам, Азийн тоглолтонд босоо байж 2002 оноос хойш ДАШТ-нд завсаргүй 10 удаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан бөх боллоо.

Завсаргүйгээр 119 дараалан ялалт байгуулж байжээ

Японы эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид дэлхийд олон жил ноёрхож олимпын наадам, насанд хүрэгчид, залуучууд болон оюутны ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Тэдгээр бөхчүүдийн дотор олимпын гурван аварга, дэлхийн арван удаагийн аварга Саори Йошида гоц амжилтаараа бусдаасаа тодорч Японы төдийгүй гадаад орнуудын бөхчүүдэд бахархан дууриах үлгэр жишээ болсоор байна.
Оросын домогт бөх А.Карелин сонгомол бөхийн төрөлд олимпын наадмын гурван алт, ДАШТ-д есөн алтан медаль авсан амжилтыг С.Йошида энэ жил эвдэж чадлаа.
С.Йошида 1982 оны аравдугаар сарын 5-нд Японы Мие хотод төрж төрөлх хотдоо 12 настайгаасаа дасгалжуулагч Казухито Сакаегийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэн эхэлж өнөөг хүртэл багштайгаа хамт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2002 онд олон улсын тэмцээнд оролцох болж мөн ондоо Грек улсын Чалкида хотод болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо дэлхийн аварга цолыг 20 настайдаа анх хүртсэнээс хойш олимп, дэлхий, тивийн тэмцээнд хэнийг ч урьдаа гишгүүлээгүй өнөөг хүрлээ. ДАШТ-д нийтдээ 62 барилдааныг ялалтаар дуусгаж ганц ч удаа ялагдаагүй байна.
2006 онд Афин хотод болсон Зуны олимпын наадмын хөтөлбөрт чөлөөт бөхийн төрлийг оруулсан нь түүний хувьд аз гийсэн явдал болж олимпын аварга гэдэг эрхэм дээд цолыг анх удаа хүртжээ. Түүнээс хойш Бээжин, Лондонгийн олимпоос гурав дахь алтан медалиа энгэртээ зүүсэн юм.
2002-2006 онд дотоод, гадаадын тэмцээнд 100 удаа ялагдаагүй, шинэ дээд амжилт тогтоосон. Харин 2009 онд БНХАУ-ын Тайюань  хотод болсон эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд АНУ-ын бөх Марси Ван Дюсеннд оноогоор ялагдаж 120 дахь завсаргүй ялалтаа авч чадаагүй өнгөрсөн билээ.
Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан