Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.АЛТАНХУЯГ: Э.БАДАР-УУГАН ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭНТАМИРЧИН ШҮҮ

Энэ удаагийн зочны хойморт Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягийг  урьж ярилцаа. Түүний хувьд боксын спортоор анхны Ази тивийн аварга цолыг эх орондоо авчирч,  шигшээ багийн дасгалжуулагчаар 14 жил ажилласан гавьяатай нэгэн.

-Боксын спортын түүхэнд  үнэлж барамгүй хувь нэмрээ оруулсан эрхэмтэй уулзаж ярилцах завшаан олдсонд баяртай байна?
-Баярлалаа. Юуны түрүүнд Монголын сэтгүүлзүйн анхдагч чөлөөт хэвлэл “Ардчилал” сонины спортын зочны ярилцлагад орж байгаадаа баяртай байна. Энэ дашрамд   нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Шинэхэн засгийн газар анх удаа спортын яам бий болголоо.  Энэ талаар та юу бодож байна даа?
- Ахмад тамирчин бидэнд гэлтгүй хамгийн гол нь залуу тамирчдын ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болох байх. Зөвхөн бокс гэлтгүй манай улсын  спортын төрлүүд жигд сайхан хөгжиж байна. Үүнийг жаахан дэмжээд өгвөл болох гээд байсан.  Одоо л хэрэгжиж эхлэх бололтой. 

-Таныг 14 настайдаа боксын спортод хөл тавьсан гэж сонссон. Тухайн үеийн түүх нь их сонирхолтой юм билээ. Уншигчиддаа сонирхуулаач?
-Тийм ээ. Анх Завхан аймгийн Нөмрөг сумаас нүүж ирэн одоогийн циркийн орчимд амьдарч эхэлсэн. Энд бага насаа өнгөрөөж 1959 онд оюутан, залуучуудын анхдугаар фестиваль болох гээд манай гэрийн ойролцоо байсан “Соёл” нийгэмлэгийн жижиг стадионд боксчид бэлтгэл сургуулилтаа базаасан юм. Тэднийг харж байтал эхлээд гүйж биеэ халааж байгаад боксын бээлий өмсөн зодолдож эхэлдэг юм байна. Тэгээд харж байсан чинь нэг шар бултаж зуга­таад л, довтолсоор байгаад өрсөлдөгчөө ялж байна.  Тэ­рийг хараад л шууд бокс­чин болохоор шийдсэн. Тэгээд яг хоёр жилийн дараа 14 настайдаа гавьяат дасгалжуу­лагч Б.Мишигдорж багшийн удирдлага дор “Хоршоолол” клубт бэлтгэл хийж боксын спортод эргэлт буцалтгүй орсон доо.

-Хичээллэж эхэлснээсээ хойш маш хурдан амжилт гаргасан шүү дээ та?
-Тийм шүү, 1963 онд Монголын бүх ард түмний спар­такиадаар 60 кг-даа алтан медаль хүртэж хүмүүст таниг­даж эхэлсэн хэрэг. /Инээв/

-Түүнээс хойш  яг таван  жилийн дараа 1964 онд бок­сын спортыг улсаас хориг­­лож 1967 онд буцаан сэргээсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Тухайн үед хүүхэд байсан боло­хоор сайн мэддэггүй бай­сан. Сүүлд бодоод байхад энэ спортын багш дасгалжуулагчид тун ховор,  бэлтгэл сургуу­лил­таа базааж байгаа хүүхдүүд зөв техникээ ч ялгаж, салгаж мэдэх­гүй болохоор их замба­раагүй байсан юм болов уу.  Арай гайгүй сурчихсан хэд нь зодоон цохион хийгээд салдаггүй. Энэ бүхнээс  болоод  нэг хэсэг хориглосон байх. Ингэж явсаар 1967 оноос дахин сэргэсэн.

-Дахиад рингэнд гарах­даа  23 настай байв уу?
-Тийм ээ. Гавьяат дас­гал­жуулагч  Б.Олзод агсан тэр үед ЗХУ-д дасгал­жуу­лаг­­чаар төгсөөд ирчихсэн бай­сан. Ингээд л хуучин тог­лож байсан мань мэтийг цуг­луулж дээр нь хэдэн шинэ хүү­хэд  сонгож аваад бэлтгэл сургуулилтаа эхэлсэн дээ.  Нэг хэсэг завсарласан болохоор эхний жилүүдэд хотын  аварга шалгаруулах тэмцээн л   болдог байлаа.  Үүнд нь зургаан удаа түрүүлж, хоёр ч удаа бүх ард түмний спартакиадын түрүү авсан. Яг улсын аварга шалгаруулах тэмцээнд бол ганц л оролцсон  юм билээ.

-1968 онд Югаславт бол­сон уулзалт тэмцээн хам­гийн анхны олон улсын тэмцээн байх ?
-Тийм. Анх удаа манай тамирчид Европын тамирчид­тай гар зөрүүлэх боломж олд­сон хэрэг.

-Уг тэмцээнээр  ЗХУ-ын Буен Звонков буюу “Хүнд цохилтын хаан”-ыг өвдөг сөхрүүлсэн шүү дээ?
-Ингээд яриад байхаар эртний дурсамж сэдэрч байна шүү. Сайхан байна. Тухайн үед Олзод багштайгаа зөвлөж байгаад эхний үед судлах тактиктай гарсан. Энэ нь ч амжилттай болж дараагийн үед довтлох тактик  боловсруулсан. Өрсөлдөгч ч намайг айж байна гэж бодон гараараа дохиод дуудаад байна аа. Харин миний хувьд анаж байгаад л хамгаалалтаа сулруулах агшныг нь тааруулаад их хурдтайгаар хэд хэд угсраад  цохьсон доо. Багш ч чиний тактик тун зөв байна гэсэн. Ингэснээр дараагийн үед би  минут гаруй  зугатаагаад шар нь хөдлөөд задгай дайрахаар нь угсраагаар цохиод ялж байлаа. Дараа нь 1969 онд Буриадад болсон “Байкал” сэтгүүлийн нэрэмжит, 1970 онд есөн орны буюу социалист орнуудын “Динамо” нийгэмлэгийн тэмцээнд орж мөн л улсаасаа хамгийн анхны аварга цол хүртэж байлаа.

-Ингээд ярилцаад сууж байхад анхдагч болсон зүйл даанч олон юм аа. Бидний хамгийн ихээр бахархаж явдаг зүйл нь та Монгол Улсын спортын түүхэнд хамгийн анхны Ази тивийн аварга цолыг эх орондоо авчирсан гавьяатай хүн?
-1971 онд Ази тивийн тав дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад болсон юм. Тухайн үед бид МАХН-ын Төв хороонд хүсэлт тавьж зөвшөөрөл авсны үндсэн дээр оролцож байлаа. Миний жинд 13 орны боксчин өрсөлдсөн. Эхлээд Израилийг ялж, дараа нь Тайландын тамирчинтай таарсан. Түүний өмнөх тойрогт Пакистантай хийсэн тоглолтыг нь харсан болохоор хүнд цохилттой эвгүй нөхөр байна гэдгийг тооцоолж гарсан. Ингээд өөрийнхөө арга барилаар тоглох бодолтой гарсан. Хөл дээрээ ажиллаж, нэлээн зугатаж тоглотол нөгөө нөхөр улайрч дайраад ирсэн. Б.Олзод багш ч гарахаас өмнө “Чи баруун гарын шулуун цохилтоо хийх ёстой шүү” гэсэн. Түүний дагуу ч хийж миний гар тулаад нөгөө нөхөр ч унасан. Ахиад босоод ирэхэд нь дахиад цохиж ялсан.  Үүний дараа Энэтхэгийн ширэн бээлийтэнтэй таарч нэгдүгээр үед угсраа цохиж өрсөлдөгчөө сөхрүүлсэн. Тоолуулаад босоод ирэхээр нь дороос өлгөж цохиод, зүүн хажуугаас нь нэг татсан чинь дахин гуйваад цэвэр ялж Ази тивийн анхны аварга болсон юм даа. Дараа  нь буюу 1975 онд Японы Йокохамад болсон тэмцээнээр 29 настайдаа түрүүлж хошой аварга болж байлаа.

-1973 онд Солонгос улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд яа­гаад оролцоогүй юм бэ?
-Манайхан өмнөд Солонгос чинь  социалист улс биш гээд явуулаагүй юм. Оролцсон бол түрүүлэх магадлал өндөр байсан.

-Боксын спор­тод 60 кг-ыг шилдгүүдийн жин гэдэг юм билээ?
-Тийм шүү. /Инээв/ Надаас хойш Азийн аварга Г.Батбилэг, Дэлхийн аваргын мөнгө, азийн аварга Р.Отгонбаяр, Р.Жамган, олимпын хүрэл медальт Н.Баярсайхан, Н.Энхбат, Т.Үй­тү­мэн, У.Мөнх-Эрдэнэ нарын шилдгүүд энэ л жинд тоглож байсан. Тоглосоор ч байна.

-Ямар цохилт, мэхээр алдартай байв?
-Ах нь зай харах, хөлийн ажиллагаа нэлээн сайтай тамирчин байсан даа.

-Таныг 1972 оны Мюн­хений олимпын наа­дамд луй­вардуулсан гэдэг юм билээ. Яг юу болсон юм бэ?
-Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Арген­ти­нийг хожоод Туркийн бокс­чинд 2:3-аар хожигдсон. Ту­хайн үед манай улсаас шүүгч оролцоогүй болохоор зарга гаргасан ч бүтэлгүйтэх байсан л даа. Одоо ярих утгагүй ч үнэхээр луйвар орсон. Уг нь Туркийг ялсан бол дараа нь Колумбын тамирчинг дөнгөчихөд л хүрэл медаль  атгах байлаа. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 1976 онд  Монреалийн  олимпод оролцсон ч Болгарын ширэн бээлийтэнд ялагдсан  гашуун түүх бий. 

-Ингээд л  дасгал­жуу­лаг­чийн албанд шилжсэн үү?
-Тийм ээ. Тухайн үеийн биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ш.Магван гуай сурч мэдсэн зүйлээ хүүхдүүдэд зааж сурга гэсэн. Ингээд л шигшээ багийн хоёрдугаар дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. В.Батбаяр багшийн удирдлага дор 14 жил ажилласан даа. Онолын талыг зөвлөж практик тал дээр бэлтгэл сургуулилтыг нь түлхүү хийлгэдэг байлаа.

-“Алтаа багшийн  бэлт­гэлд  болгоомжтой орохгүй бол болохгүй” гэдэг яриа тухайн үеийн тамирчдаас гарсан гэсэн?
-Үгүй яахав. Практикийн бэлтгэл хийлгэж байгаа болохоор тамирчдыг бултахгүй бол цохино, өөрөө цохиулбал тэмцээн дээр үзэж байгаа юм шиг зөрүүлээд цохино. /Инээв/ Энэ хугацаанд олимпын хүрэл, дэлхийн аваргын медальтай олон шавьтай болсон. Н.Баярсайхан, Н.Энх­бат нар маань олимпоос медаль хүртэж түүнээс хойш дэл­хий болон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон тамирчин медаль хүртсэн. Шавь нараа тооцоолж үзэхээр  400 хол давжээ.

-Тухайн үед  шавь нартаа юуг түлхүү анхааруулдаг байв?
-Мэдээж хэрэг хөлийн ажиллагаа, зүүн гарын хөдөлгөөн, зэргийг маш сайн давтуулдаг байсан. Зөвхөн баруун гарын шулуун цохилтоос илүү зүүн гараараа ч сайн ажиллаж байх хэрэгтэй. Үүнд  нэлээн анхаардаг байсан.

-Тив, дэлхийн олимпын аваргууд ихэвчлэн  “Олим­пын гараа” тэмцээнээс төрөн гарсан байдаг юм билээ. Энд таны  шавь  Н.Баярсайхан, Н.Энхбат нарын нэр ч бай­даг юм билээ?
-Тэр байтугай олимпын аварга Э.Бадар-Ууган ч энэ тэмцээнээс л төрөн гарсан. Ер нь,  энэ тэмцээнээс өсөх ирээдүйтэй тамирчдыг шалган харж авдаг байсан. Одоо ч, тэр.  Тухайн үед ч миний шавь нар энэ л шалгуураар   гарч ирсэн юм. Гэхдээ шигшээ багт шүү дээ. Энэ тэмцээн  одоо хүртэл зохион байгуулагдаж байгаа нь үр өгөөжөө өгч байгаа. Боксын спортод маш хурдацтай шинэ залуу үе гарч ирж байна.

-Бээжингийн олимпод  алт, мөнгөн медальтай тамирчдыг өлгийдөн авсан бол Лондонгийн олимпоор бас шинэ медальтнууд төрөн гарлаа?
-Сэтгэл өндөр байгаа. Монголын боксын холбоо маш сайн ажилласны үр дүн гарч байна  гэж бодож байгаа. Манай  тамирчид олон улсын тэмцээн уралдаанд олноороо оролцдог болсон нь  олимп бүрээр  харагдаж байна. Нас бага ч гэсэн манай Н.Төгсцогт хэчнээн сайхан тулалдав. Хүн бүр харсан шүү дээ. Мөн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ байна.

-Гавьяат тамирчин У.Мөнх­-­Эрдэнийг үнэхээр магт­­маар байдаг юм аа. Шилжил­тийн үед ганцаараа Монголоо нуруун дээр авч явдаг байсан шүү дээ?
-Бахархмаар тамирчин.  Лондонгийн олимпын наадамд  агуу амжилт үзүүлсэн. Нэг хэсэг ганцаараа гэгдэж байсан бол түүний араас холбооны зөв бодлогоор  шинэ залуу тамирчид олон төрж гарлаа. Үүнд баярлаж л явдаг.

-Бээжингийн олимпын аварга Э.Бадар-Ууганыг хүмүүс “Одоо ч энэ явахгүй дээ. Азаар л алтан медаль” хүртсэн гэцгээх  юм?
-Юу ярьж байна аа.  Ийм яриа чинь тамирчдыг маш амар­хан мохоодог юм шүү дээ. Э.Бадар-Ууган харих хаа ч байсан юм. Түүнд маш их ирээ­дүй байгаа. Энэ жил олимпын рингэнд гарсан бол алт биш юм гэхэд мөнгөн медаль  атгаад л ирэх байсан. Даанч хүссэнээр нь болохгүй бэртэл гэмтэл нь зовоогоод байх юм.

-Н.Түвшинбаяр аварга гэхэд Лондонгийн олимпод гайхал­тай барилдлаа шүү дээ. Гэтэл түүнийг Бээжин­гийн олимпод азаар алтан медаль авсан гээд л элдвээр ярьж байсан?
-Яг наадах  чинь л байхгүй юу. Э.Бадар-Ууган ч гэсэн бэртэлгүй бол ямар ч тэмцээнд өндөр амжилт үзүүлэх нөөц бололцоотой тамирчин. Дэлхийд үнэлэгдсэн хүн. Ер нь цаашдаа тэмцээнд орохоо байлаа гэхэд ард түмэн түүнээс юу нэхэх гээд байгаа юм. Үүнийг л ойлгох байна.

-Тамирчдыг хамгийн ихээр мохоодог зүйл яах аргагүй бэртэл гэмтэл л дээ. П.Сэрдамбыг ойрын жилүүдэд жин өсөх шаардлагатай гэх юм?
-Олон жил бага жинд тоглох насанд хүрсэн эр хүнд хэцүү. Тиймээс түүнд хэцүү байх нь аргагүй.

-Түүний жинд Г.Ган-Эрдэнэ гэж өсөх ирээдүйтэй тамирчин гарч ирж байна?
-Бас л миний шавийн нэг. Дараа оны олимпод маш сайн амжилт үзүүлж чадна. Төв аймгийн Заамар сумын хүү. Түүний багш нь миний шавь Эрдэнэбаяр гэж хүн бий. Одоо “Хангайтан” клубын дасгалжуулагч. Зөвхөн Г.Ган-Эрдэнэ гэлтгүй Ц.Отгон-Эрдэнэ, н.Норовбал нар ч  бэлтгэлээ хангаж л байгаа.  Одоо улсын  шигшээд тоглож байна. 

-Өөрөө тамирчин бай­сан хүн. Шавь нараа дасгал­жуу­лаад явж байхад өм­нөөс нь сэтгэл догдлоод тогло­чих­моор үе олон биз?
-/Инээв/ Зөндөө байлгүй яахав.

-Таныг БНХАУ-д дасгал­жуу­лагчаар ажиллаж байсан гэсэн?
-Энэ тухай ч  нэг их яримааргүй байдаг юм.

-Цаг зав гарган ярилц­санд баярлалаа?
-Та бүхэнд бас баярлалаа.

0 Сэтгэгдэл
badar uugan mundag tamirchin
Bas l ungutei uudtei hun garval minii shavi gedeg hun shiv dee. Gantshan uuruu l baisan yum shig. Yagaad Bandi bagshiig yarihgui baigaa yum. Yagaad busad sain dasgaljuulagchdiig yarihgui baigaa yum be?
хайдавын алтанхуяг гэдэг байх шүү, харин Югаслав гэдэг нь арай дэндэж байна аа.
хайдавын алтанхуяг гэдэг байх шүү, харин Югаслав гэдэг нь арай дэндэж байна аа.
Балганжавын Алтанхуяг биш үү, түүний аав Балганжав гэж аагтай өвгөн 70 гараад бурханы орон руу явсан даа. Аагтай омогтой өвгөн байсан даа.
Хамгийн их уншсан