Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит V дахь удаагийн уламжлалт чөлөөт бөхийн гран-при олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.Сүүлчийн өдөр 60, 74, 96 кг-ын жингийн барилдаан болж 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат /”Хасу-Мегаватт” клуб/ хүрэл медаль хүртэв. ОХУ-ын Якут улсын Ерөнхийлөгч, тус улсын бөхийн холбооны ерөнхийлөгч Е.А.Борисов тус тэмцээнд хүндэт зочноор оролцож байгаа МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийг хүлээн авч уулзаж Якут, Монголын чөлөөт бөхийн уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах талаар санал бодлоо солилцож өөрийн улсад сонирхогчдын сүмо бөхийг дэлгэрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж энэ спортыг сурталчлан танилцуулахад дэмжлэг туслалцаа хүсчээ.