“Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” –ийн тэргүүн, Хэл Шинжлэлийн Ухааны доктор, профессор, Д.Цэрэнсодном гуайтай орчин цагийн монгол хэлний өнгө төрх болон түүний тэргүүлдэг монголын шилдэг эрдэмтэд багтдаг нийгэмлэгийнх нь талаар ярилцлаа.
-Орчин цагийн монгол хэлний өнгө төрх алдагдлаа. Цэгцэнд нь оруулах цаг болж гэж ярих хүн олон болжээ. Ер нь, монгол хэлний дархлаа хэр юм бэ?
-Манай хэл бичиг, уран зохиол судлалын тэргүүлэх зэрэглэлийн төлөөл гэж хэлж болохоор хүмүүс энэ жилийн тавдугаар сарын эхээр нэг хурал хийсэн. Энэ үеэр манай эрдэмтэд хэлний өнөөгийн байдал нэг л биш байна. Сонин хэвлэл маш их алдаатай, өөрсдийн дураар бичиж байна. Ерөөсөө үг үсгийн дүрэм байгаа хэдий ч үүнийг тэр болгон мөрддөггүй гээд бишгүй л зүйл ярьсан. Уг нь, монгол хэлний дархлаа чадвар нь сайн юм шүү дээ. Бас ч тэгж үгүй болох тийшээгээ хандаагүй гэхэд болно.
Гэхдээ л гудамжинд байгаа хаяг, алиалагчийн эрээн мяраан хувцас шиг л болж. Хаана юу гэж бичсэн нь мэдэгдэхгүй харь орон шиг газарт амьдарна гэдэг хэцүү болж хувирлаа.
-Ялангуяа, үйлчилгээний төвүүдийн янз бүрийн хаяг, реклам ямар хэлээр юу гээд бичсэн нь ч мэдэгдэхгүй юм. Зарим нь бүр цагаандаа гарсан бололтой. Үг үсгийн алдаа ч байж л байх юм?
-Тэгэлгүй яахав дээ. Чи гараад хардаа. Хаашаа ч харсан англи, хятад, япон нэр хаяг тавьчихаад хээвнэг сууцгаана. Гадаад үг хэллэгийн цаана олон салаа утга бий. Утга, найруулгын бүдүүлэг алдаатай ийм хаягийг бид харсаар байж зүгээр суух хэрэг үү. Мэддэг хүн харвал ихээхэн эвгүйцмээр хаяг, шошго ч их бий. Энгийн нэг жишээ дурдахад “Багийн анд” гэхийг “Багын анд” болгоод биччихсэн байх жишээтэй. Зөв бичгийн дүрмийн алдаанаас болоод утга нь огт өөр болж байгаа биз дээ.
-Сүүлийн үед хотын хүүхдүүдийн үгийн сан хэтэрхий цөөхөн үгэнд эргэлдэж байна гэх юм. Хүүхдийн хэл сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй вэ?
-Үүнийг ярихын тулд бид эхлээд хүүхдүүдтэйгээ ажиллах хэрэгтэй. Зааж сургах гэж оролдох хэрэгтэй, уншиж, сурах зүйлсийг нь хангалттай бэлдэж өгөх ёстой. Дараа нь хүүхдээ болохгүй байна гэж ярьж болно. Өөрсдөө юм хийгээгүй байж багачуудаа шүүмжилж болохгүй. Бидэнд энэ талаар анхаарал хандуулах зорилго, зорилт дутагдаад байна.
-Тэр зорилго, зорилтыг хэн тодорхойлох ёстой вэ?
-Энэ талаар Монгол Улсын төрийн бодлого байх ёстой. Хэлээ хамгаалах эрх зүйн орчин бий болгомоор байна. Ингэж хууль хяналтдаа авахгүй бол шуудайнд хийсэн эвэр шиг болчихлоо.
-Зарим үг, зөв бичгийн дүрмийн талаар эрдэмтэд маргадаг. Үүнийг нэг мөр шийдэх арга зам бий юү?
-Манайхан ардчилал, эрх чөлөө, чөлөөт байдал гэдгийг сайн ойлгоогүй. Эрх чөлөөтэй байна гэдэг нь дураараа дургихын нэр биш. Нөгөө хүний эрх чөлөөг хүндэлж байж таны эрх чөлөө түүгээр хязгаарлагдана. Би л эрх чөлөөтэй гээд хамаагүй хашгираад байж болохгүй. Акедмич Ц.Дамдинсүрэнгийн зохиосон монгол хэлний дүрэм хүчинтэй хэвээрээ. Тэр дүрмийг л дагах хэрэгтэй. Энэ дүрмийг зөрчиж буй хүмүүсийг хатуухан хэлбэл биеэ тоочихжээ л гэхээс дээ. Өөрөөр хэлбэл, улаан гэрэл асч байхад надад хамаагүй гээд зам туучаад гарахтай л адил.
-Ингэж өөрийн дур зоргоороо аашилж буй хүмүүст авах арга хэмжээ байдаггүй хэрэг үү?
-Яаж байх вэ дээ. Манайд хэлний хууль гэж байхгүй. Тийм учраас тэднийг шийтгэх эрх зүйн орчингүй байна гэсэн үг. Алдаа мадагтай гарсан сонин, сэтгүүлийг хурааж чаддаггүй. Үйл ажиллагааг нь зогсоож чадахгүй, ацан шалаанд орчихоод л сууж байна.
-Аливаа улс орны хэл соёл гэдэг нь тухайн орны оршин байх хамгийн гол үнэт зүйлийн нэг. Тэгвэл яагаад одоо болтол хэлний тухай хууль байдаггүй юм бол?
-Манай нийгэмлэг хэлний тухай хууль санаачлах бодолтой байгаа. Ингэвэл арай дээр болно. Энэ талаар БШУЯ, Эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль бүгд нэг шаардлагатай, нэг зарчмаар явах ёстой. Мөн зөв бичгийн дүрмийг журамлах толь бичиг хэвлэх нь зүйтэй.
-Хэл соёлоо хайрлах хамгаалах хэрэгтэй гэж яриад л байдаг. Тэгтэл яг байдал дээрээ хууль ч үгүй, дүрэм ч үгүй байна гэхээр...?
-Манай нийгэмлэг Ерөнхий сайдтай уулзаж албан бичиг гардуулсан. Биднийг дэмжиж ажиллахаа амласан. Үүнийг засч, янзлах нь бидний үүрэг, хийх ёстой ажил.
-Өнөө үед хүн бүр дэлхий ертөнц даяаршиж байна. Энэ явцыг дагаад гадаад үг хэллэг манайд маш их орж ирж байна. Тэдгээрийг тус бүрд нь өөрийн болгож авч чадаж байна уу?
-Эрдэмтэд маань зүгээр суугаад байгаагүй шүү. Таван боть тайлбар толь бүтээсэн. Үүнийг социализмын үед ч хийж чадаагүй юм. Жишээлбэл, Цэвэл гуайн толь бичиг 40 гаруй мянган үгтэй. Бидний хийсэн энэ толь 100 гаруй мянган үгтэй. Энэ бага ажил биш ээ.
-Та бүхний хийсэн эдгээр ажил хүнд нэг л хүрэхгүй байх шиг ээ?
-Олон түмэн яагаад хэлний хүрээлэнгийн ажлыг мэдэхгүй өнгөрч байгааг бас л төр засагтай холбож үзнэ. Мөн төр засгаас хийж буй ажилд иргэд сэтгэл дундуур байгаа нь илэрхий харагдаж байна. Хийж байгаа ажлыг маань ард түмэнд хүргэхгүй байна. Хүргэж чадахгүй байна шүү дээ.
-Яагаад хүргэхгүй байгаа юм бэ. Ямар учраас?
-Энэ улс төрийн намууд иргэддээ хайр зарлаад байгаа ч, яг бодит байдал дээр тэднийгээ хаячихаад байгаа байхгүй юу даа. Үүнийг батлах наад захын жишээ бол тэр тайлбар толийг 600 гаруйхан хувь л хэвлэсэн. Гэтэл манай улс ерөнхий боловсролын 750 гаруй сургууль 300 гаруй сумтай. Тэгэхээр энэ чинь нэг суманд хоёр очвол дээдийн зол гэсэн үг. Цэвэл гуайн толийг 40-50 мянган ширхэг хэвлэдэг байсан юм шүү. Ингэхээр би дээрээ ч төр анхаарахгүй байна, дороо ч олон нийт эх хэлээ хайрлахгүй байна гээд байгаа юм. Энэ бүхнийг голдрилд нь оруулахын тулд л бид монгол хэлний эрдэмтэд нийлээд “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” гэдэг төрийн бус байгууллага байгуулсан юм.
-Танай нийгэмлэг байгууллагдсанаасаа хойш ямар ажил хийв. Цаашдаа юу хийх вэ?
-Нэлээд далайцтай зүйл хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө эхний ажлаа хийгээд эхэлсэн. Ирэх сарын 19–нд “Шинжлэх ухааны ажилтны өдөр” болно. Энэ өдрийг угтаад “Эх хэл” сэтгүүл гаргах гэж байна. Сэтгүүл маань есөн булантай. Энэ булангуудад өнөөдөр эх болсон хэл соёлд маань тулгамдаад буй асуудлуудыг аль болохоор тусгаж бичих бодолтой байгаа. Энэ сэтгүүлийн гол анхаарууштай зүйл нь “Өнөөгийн монгол хэлний өнгө, төрх” хэмээх хэсэг. Энд л болж байгаа, болохгүй байгаа зүйлээ бичнэ шүү дээ.