Канад улсын Альберт мужийн Страткон хотод эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээний 59 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн олонулсын хэмжээний мастер Т.Мөнхтуяатай ярилцлаа.
-ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. ДАШТ гэдэг том тэмцээнд оролцсож медаль хүртсэндээ баяртай байгаа. 59 кг-ын жинд өмнө нь Гавьяат тамирчин Д.Нармандах эгч хүрэл, С.Батцэцэг алтан медаль авч байсан. Тэр буухиаг нь би үргэлжлүүлсэндээ баяртай байна.
-Барилдааныхаа тухай, өрсөлдөгч нарынхаа тухай ярина уу?.
-Би дөрвөн барилдаан хийсэн, эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззаритэй барилдсан. Энэ бөхтэй Токио хотод болсон Дэлхийн цомын төлөө тэмцээнд таарч клинч барьцаар ялагдаж байсан болохоор барилдааныг нь мэддэг болсон. Харин энэ удаа ялна гэж бодоод зүүн гар таллах мэх хийж эхний үед оноо авч хожоод хоёрдугаар үед хөлдөө алдаж хожигдоод гуравдугаар үед нэг оноо алдаад их хэцүү байдалд орсон ч сугадаж дайраад оноо авч хожсон. Хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Лей Жейнсийг гурван үе барилдаж ялсан. Харин мөнгөн медалийн төлөө барилдаанд их хичээсэн боловч Беларуссын бөх Залина Сидаковад яалтчгүй дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд гарахад Б.Батбаяр, Ч.Раднаабазар багш нар маань урьдах барилдаанууд шигээ гарыг нь таллаж өөрийнхөө барилдааныг хийгээрэй гэж захисан. Ингээд Энэтхэгийн бөхийг хоёрдугаар үед цэвэр дарсан.
-Барилдааны бичлэгийг чинь харж байхад хөлд бараг орохгүй юм аа?
-Би голдуу гар таллаж мэх хийж бярдаж барилдах дуртай. Надад эвтэйхэн байдаг юм. Харин багш нар маань хөлд орох мэх хийж бай, ялалт улам ойртдог юм. Өнөөгийн дүрмийн нөхцөлд хөлд орж оноо авч байх маш чухал гэж хэлдэг. Энэ дашрамд намайг “Аварга” биеийн тамирын дээд сургуульд оюутан болоод чөлөөт бөхөөр хичээллэнэ гэж огт бодоогүй явахад минь чөлөөт бөхөд ор гэж ятгасан Гавьяат дасгалжуулагч Х.Намшир багш, миний багш дасгалжуулагч Ю.Гандолгор, Улсын харцага Л.Бадарч, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлье.
-Ард түмэн чинь хойшид байнга л амжилт нэхэх нь гарцаагүй байх?
-Тийм ээ. Хойшид сайн барилдахыг хичээнэ.