Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил "Нэгдүгээрт хүүхэд-Хүүхдийн эрхийг дээдэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Анх 1925 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн бага хурлын үеэр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тунхагласан. Харин манай улсад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн 72 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлогтоо тохирсон хөтөлбөртэй хүүхдийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Сүхбаатарын талбайд зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээнээс гадна хэд хэдэн онцлог үйл ажиллагааг төлөвлөсөн байна.
Тодруулбал, "KIDS ART FESTIVAL-2024” дүрслэх урлагийн наадмыг 2024 оны зургадугаар сарын 1-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 11:00-19:00 цагт зохион байгуулна. Тус арга хэмжээ нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж бүтээх, хамтдаа өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх зорилготой юм. Арга хэмжээг “Creative Kids Hub Mongoliа” санаачилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НЗДТГ, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулна.
Хүүхдийн баяраар ихэвчлэн Сүхбаатарын талбай орж баярладаг байсан бол энэ жил гэр бүлээрээ хөгжилдөн бүтээлч уур амьсгал бий болгож, дурсамж бүтээх, хамтдаа зурж, будах урлаж болох цогц хөтөлбөртэй үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх боломж нээгдэж байгаагаараа онцлогтой юм.