Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус үргэлжилж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.
Хавирга боомт чиглэлийн 124.5 км замыг 2026 онд, Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг авто замын барилга угсралтын ажлыг газар дээр нь очиж, үзэж, зураг төслийн байгууллагаас дүгнэлтээ гарган захиалагчид хүргүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагууд улсын болон олон улсын чанартай замуудын нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгаа билээ.