Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргаашаас сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

Маргаашаас сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа маргаашаас эхэлнэ. Тодруулбал, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ. Харин Бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Харин СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.

Одоогийн байдлаар СЕХ-нд 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Үндэсний аудитын газарт 77 бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа юм.  УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.

Нэр дэвшүүлэх ажиллагааны цаг хугацааны хуваарийг хүргэе.

Нэр дэвшүүлэх ажиллагаа

  • Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. /2024 оны тавдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 20-ныг дуустал/

  • Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. /2024 оны тавдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 20-ныг дуустал/

Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх

  • Нэр дэвшигч хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй. /2024 оны тавдугаар сарын 23-ны дотор/

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх

  • Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 24-ний дотор/

Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх

  • Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 25-ны дотор/

  • Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 25-ны дотор/

Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх

  • Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. /2024 оны зургаадугаар сарын 1-ний дотор/

Дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх

  • Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно. /2024 оны зургаадугаар сарын 3-наас өмнө/

  • -Нэр дэвшигч нас барсан;

  • -Нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.

Нэр дэвшигчийг дахин, нөхөн бүртгэх эсэхийг шийдвэрлэх

  • Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. /2024 оны зургаадугаар сарын 10-наас өмнө/

  • Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. /2024 оны зургаадугаар сарын 10-наас өмнө/

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх

  • Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. /2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр/

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан