Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэлээ

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.01/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Монгол Улс ипотекийн зээлд жилдээ хамгийн өндөртөө 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд төгрөг болно. Арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол төв банк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.

Банкуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1,2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна.

Ирэх Даваа гаригаас төв банкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Төв банк удирдаад банкууддаа хуваарилалтаа хийгээд явна гэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Өмнөх жилүүдэд 750 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг нэмж санхүүжүүлснээр ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээд хамрагдах боломж бүрдэж байна.

Хуримтлалын нэгдсэн сан ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр иргэн бүр Хуримтлалын нэгдсэн сантай болно.  "И Монголи"а дээр цэс нэмэх үүрэг өгсөн. Энэ ажил хийгдсэнээр Хуримтлалын нэгдсэн сангаас бэлэн бусаар зарцуулагдах мөнгө тодорхой болно.

Хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээл хэрэгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан.  Ипотекийн санхүүжилт дээр Монголбанк, арилжааны банк зохицуулалт хийнэ.

Хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрөх мөнгөний эх үүсвэр “Эрдэнэс Монгол” нэгдлээс хийгдэнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяанд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хэлбэрээр 200 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэр 273 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэр  14 тэрбум, “Монгол росцветмэт нэгдэл” 8.6 тэрбум, “Цемент шохой үйлдвэр” 3,5 тэрбум, “Эрдэнэс Оюутолгой”-гоос 356 сая төгрөг татан төвлөрүүлнэ.

Уул уурхайн баялаг өнгөрсөн хугацаанд цөөн хүний гарт төвлөрч байсныг Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж, батлуулснаар нээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувийн хэвшлээс төрд буцаан авснаар эерэг нөлөөг үзүүлж байна.

Экспортын нүүрсний тээвэрлэлтийг ил тод болгож, биржээр арилжаалдаг болсноор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмсэн. Цаашдаа төрийн өмчит үйлдвэрийн газраас Хуримтлалын санд төвлөрөх мөнгөн дүн өснө. Ирэх жилүүдэд 700 тэрбум, 800 тэрбум болж нэмэгдэнэ.

Хоёр дахь асуудал нь энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд импортын гурил тэжээлийн татварыг тэглэх журам батлагдсан байсан. Энэ долоо хоногоос хууль хэрэгжиж эхэлсэн. Засгийн газраас өнөөдөр тогтоол баталлаа. Импортын бараа бүтээгдэхүүний жагсаалтад төрөл зүйл нэмлээ. Улаан буудайн гурил, малын тэжээлийг оруулж байна. Бүх хилийн боомтоор өнөөдрөөс эхлэн гурил, малын тэжээл татваргүй орж ирнэ. Засгийн газарт УИХ аас үүрэг өгөгдсөн. Нэгдүгээрт, дотоодын үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах. Импортын гурилын хэм хэмжээг Засгийн газар өөрөө тогтоож байх эрхийг авсан. Дотоодын улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор стратегийн нөөцөд жил бүр 100 мянган тонн улаан буудайг худалдан авах. Улаан буудай тариалагчид агуулах сав байдаггүйгээс гурилын үйлдвэрүүдэд өгөхөөс өөр арга байдаггүй. 182 мянган тонн буудай хадгалах элеваторыг зориулалтын дагуу ашиглах эрхийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад өгсөн.

Дотоодын хэрэгцээг хангаад илүүдэл улаан буудайг экспортод гаргана. БНХАУ жилдээ 12 сая тонн улаан буудайг 1 хувийн татвартайгаар импортолдог.

Гуравт, Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс Барилга, хот байгуулалтын сайдад өгсөн.

Үүнийг дагаад барилгын салбарт үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй гэж Засгийн газрын зүгээс үзсэн.  Барилгын үнэ хөөрөгдөхгүй байх чиглэлд анхаарал хандуулж, яриа хэлэлцээр хийх үүрэг чиглэлийг мөн Ерөнхий сайд өгсөн.

Цаашдаа барилгын салбарт үнэ бууруулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс импортын цементийн татварыг бууруулах тогтоолыг хэлэлцэж, баталлаа.

Өнөөдөр импортоор орж ирж байгаа цемент 20 хувийн татвартай байгаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолоор импортын цементийн татварыг таван хувиар тогтоосон. Энэ таван хувийн татвар өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.

Импортоор орж ирэх цементэд хугацаа, хэмжээ тавиагүй. Дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлж байгаа юм.  2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хувь хэмжээг хэрэглээнээс илт багасгасан. Маш богино хугацаанд буюу гуравхан сарын дотор цементийн үнэ гурав дахин нугарч байсныг та бид бүгдээрээ харсан. Энэхүү эрсдэлийг бий болгохгүйн тулд импортоор орж ирэх цементийн татварыг таван хувь болгон бууруулсан гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан