Олимпийн тоглолт гэхээр ер нь хэдэн тэрбумаар доллараар тоологдох хөрөнгө зарсан тухай яриа гардаг. Энэ их хөрөнгийн дийлэнхийг нь спортын объект барих, дэд бүтэц, байр хотхон байгуулах, нисэх буудлыг тохижуулах зэрэгт зардаг. Үүний дээр ёслолын ажиллагаа зохион байгуулах, ажилтнуудын хөлс нэмэгдэнэ.
Харин энэ их зардлыг нөхөхдөө нийт ашгийн 40% спонсорууд буюу ивээн тэтгэгч нартай хийсэн гэрээнээс авдаг бол 50% нь зурагт, радио зэргээр дамжуулах эрхийг зарж аваад, 8% нь спортын тоглолтын тасалбарыг зарж олоод 2% нь олимпийн лого, хэллэг гэх мэт лицензлэгдсэн бүтээгдэхүүний борлуулалтаас олдог ажээ.
Гэхдээ зохион байгуулагчид нь тэр бүр гаргасан зардлаа нөхөж чаддаггүй. Олимпийн түүхэнд хамгийн их алдагдалтай болсон тоглолт бол 1976 оны Монреалийн олимп юм. Энэ Олимпийг зохион байгуулагчид нь 1,5 тэрбум доллар зараад 1 тэрбум долларын алдагдал хүлээсэн бөгөөд Канадчууд өрөө дарах гэж бүтэн 30 жилийг зарцуулсан байдаг.
Харин 1980 оны Москвагийн олимп бол Зөвлөлт системийг давуу талыг дэлхийн нийтэд ухуулан сурталчлах гэсэн гол зорилготой байсан болохоор тухайн үеийн зөвлөлтийн эрх баригчид юу юугүй ашиг олохыг чухалчилсангүй. Иймдээ ч энэ олимп 3 тэрбум доллараар босоод 300 сая долларын алдагдалтай явагдаж байжээ. Магадгүй АНУ г.м. зарим улс энэ олимпийг эсэргүүцэлгүй оролцсон байсан бол ашигтай болж болох л байсан байх.
1984 оны Лос Анжелсийн олимп бол төрийн төсвөөс нэг ч цент гаргалгүйгээр зуун хувь ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр явуулсан тоглолт билээ. Америкчууд ч муугуй бизнесменүүд гэдгээ харуулж 1,25 тэрбум доллар зараад 250 сая долларын ашигтай олж чадсан байдаг.
1988 оны Сөүлийн олимпийг явуулахад өмнөд солонгосчууд 4 тэрбум доллар зараад 300 сая долларын ашиг олжээ.
1992 оны Барселоны олимпийн зохион байгуулагчид 3 тэрбум доллар зарахдаа ердөө 15% нь спортын байгууламж барихад зарцуулаад үлдэснийг нь хотын дэд бүтэц, зам холбоог сайжруулахад зарцуулсан нь хожмоо хотын аялал жуулчлал өндөр хурдацтай хөгжихөд маш их тус болсон байдаг. Энэ олимпоос испаничууд 5 сая долларын ашиг олсон байдаг.
1996 оны Атлантын олимпийг явуулахад америкчууд 1,8 тэрбум доллар гаргажээ. Ингэхдээ түүхэнд анх удаа спортын түр хугацааны байгууламж барих аргыг хэрэглэсэн байдаг. Зохион байгуулагчид нь 10 сая долларын ашиг олсон байна.
2000 оны Сиднейн олимпийг зохион байгуулахад австраличууд 4,1 тэрбум доллар зарцуулаад 290 сая долларын ашиг олжээ.
2004 оны Афины олимпийг нутагтаа хийхэд грекчууд 11,6 тэрбум доллар зарцуулж, Олимпийн тоглолтыг анхлаан зохион байгуулсан үндэстэн ямар байдгийг харуулах гэж маш их хичээсэн. Гэвч үр дүнд нь ердөө 1,7 тэрум долларыг зурагтаар дамжуулах эрх худалдан олж аваад 10 тэрбум долларын алдагдал хүлээсэн байдаг. Магадгүй өнөөдөр Грект өрнөж байгаа эдийн засаг, санхүүгийн гүн хямралд энэ олимп багагүй нөлөөлсөн байх.
2008 оны Бээжингийн олимпоор хятадууд 43 тэрбум доллар гаргаж, спортын шинэ байгууламж барьснаас гадна зам холбоог сайжруулах, хотын дотор байрлаж байсан хуучин үйлдвэрүүдийн хотоос нүүлгэх гадагшлуулах арга хэмжээ авсан байдаг. Тэд энэ олимпоос 100 сая долларын ашиг олжээ.
2012 оны Лондоны олимпийг анхлан 4,5 тэрбум доллараар зохион байгуулахаар төлөвлөж байсан ч явцын дунд зардал нэмэгдсээр 19 тэрбум доллар болсон байна. Харин хэр ашиг олохыг тоглолт дууссаны дараа нь мэргэжилтнүүд тооцох бизээ.
Харин Олон Улсын Олимпийн Хороо нь Олимпийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хамгийн том спонсоруудаас 976 сая доллар авдаг.