Монголын эдийн засгийг нуруундаа үүрч ирсэн уул уурхайн үйлдвэрүүдийг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хувьдаа авч, завшсан явдлыг Засгийн газар таслан зогсоосон нь онцлох үйл явдал юм.
Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрд буцаан авснаар тус үйлдвэрүүд ашигтай ажиллаж байна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр 2023 онд 4 их наядын борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь тус үйлдвэрийн 45 жилийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой жил болж байна.
ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат:
-“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессыг хууль бусаар явуулсан, Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг хувьчилж авахдаа олон тооны хууль зөрчсөн гэдэг гурван том үйлдвэрийн асуудалтай өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газар нүүр тулж ажилласан. Гурван үйлдвэрийн асуудал боловч улс төр, эдийн засгийн нэг бүлэглэл үйлдвэрүүдийг дэс дараалалтай хууль бусаар авсан үйл явдал байлаа. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс концесс, хууль бус хувьчлалыг буцаасан байгаа. Төрд эдгээр үйлдвэрүүдийг буцааж бүрэн авснаар ашигтай ажиллаж эхэлсэн.