ОХУ-ын Якут хотноо ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит тавдахь удаагийн Гранпри тэмцээн энэ сарын 6-7 нд болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 55 кг-д Ж.Баярхүү, 60 кг-д Б.Номин, 74 кг-д П.Өнөрбат, 84 кг-д М.Мэндсайхан, 96 кг-д Ц.Чинзориг, 120 кг-д Н.Золбоо нар дасгалжуулагч Ж.Дандар, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Л.Болормаа, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар нарын хамтаар оролцохоор болжээ. Харин тус тэмцээнд Якут улсын ерөнхийлөгч Е.А.Борисов манай чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржид тэмцээнд хүндэтгэлтэйгээр оролцооч хэмээн урилга ирүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жил тус тэмцээний 55 кг-д барилдсан Э.Бэхбаяр, 66 кг-д Б.Анхбаяр нар алтан медаль хүртэж байсан бол 55 кг-д Д.Цогтбаатар мөнгө, 60 кг-д Э.Ням-Очир нар хүрэл медаль хүртэж байжээ.