Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Энхбаяр: Үндсэн хуулийн зүйл заалт, үг үсгийг би хэнээр ч заалгахгүй мэднэ

 

Нүүрсний сонсголын хүрээнд 178 гэрч дуудсаны дотор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр байсан. Гэвч түүнд мэдэгдэл ирээгүй тул нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ ар гэрийнхнээрээ дамжуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүлсэн гэдгийг бид өмнө мэдээлж байлаа.

Харин түр хорооны гэрчээр дуудсан тогтоолд "боломжгүй" гэх хариуг хуулийн байгууллагаас ирүүлсэн байдаг. Гэвч Б.Ганхуягийг л оролцуулахгүй бол "Нүүрсний сонсгол үр дүнгүй, ашиггүй" гэж нэр бүхий гишүүд дуугарсаар, С.Ганбаатар гишүүн хүртэл Б.Ганхуягийн нэр бүхий бичиг барьж гүйгээд тусыг олоогүй. 

Хэрэг дээрээ нүүрсний сонсгол 4 өдөр үргэлжлэхэд МАН-ын ганц ч гишүүний нэр түр хорооны хаалгыг тогшихгүй байгааг гайхах нэгэн олдоно биз ээ. Нүүрс барьж гараа "халтар болгоогүй" цэвэр гишүүнтэй МАН-д ирэх сонгуулийн ялалт ингэж ойртох уу? 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсчдийн гар хөлийн үзүүрт С.Ганбаатар гишүүнийг "зараал" шиг гүйж байна гэх утга бүхий үгийг өчигдрийн сонсголоор цухуйлгаж, нүүрсний мафийн жүжигт автахгүй гэдгээ илэрхийлээд байгаа. 

Тодруулбал, "Шүүн таслах үйл ажиллагаанд хэнбугай ч хөндлөнгөөс оролцох нь хориотой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх УИХ, ЗГ-т байхгүй. Шүүхийн шийдвэрийг шүүх л хүчингүй болгоно. Тийм ч учраас ХЗДХ-ийн сайд, ЗГ-ын гишүүний хувьд ч, түр хорооны даргын хувьд ч Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас авч ирэх боломжгүй" гэдгийг тов тодорхой хэлсэн ч УИХ-ын нэр бүхий гишүүд МАН-ыг чичирч байна гэж сэрдэж байгаа нь илт.

Хэрэв Б.Энхбаяр түүнийг гаргаад ирвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ нь гэмт хэрэгтэн болно гэдгээ ч мэдэж буй.


Тэгвэл өнөөдөр тэрбээр өөрийн хуудсаар дамжуулан дахин дараах мэдээллийг өгч байна. Үүнд, "УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. 2023.11.30-ний өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан.

Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог.

Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна" хэмээн бичжээ.

М.Дэвээ

Эх сурвалж: www.24tsag.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан