Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОЙД ХӨРШИЙН БАЯН УЛСТӨРЧИД

Улс төрөөр оролдохгүй байсан ч улс төр аяндаа чамайг оролдож эхлэнэ гэдэг. Ийм ч болохоор хөрөнгө чинээтэй хүмүүс улс төрд хүчээ үзэхээс өөр аргагүйд хүрдэг бололтой. Манай хойд хөршийн баячууд ч ялгаагүй улс төрийн өндөрлөг өөд зүтгэсээр. Ардчилсан тогтолцоотой болохоор улс­төр­чид нь хөрөнгө орлогын мэдүүлгээ жил болгон олон нийтэд танилцуулдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнийг нь үндэслээд хамгийн баян улстөрчдийг тодруулдаг. Уншигч танд Оросын хамгийн баян арван төрийн түшээг сонирхуулъя.
Энэ жил Оросын хамгийн баян улстөрчөөр Тула мужийн амбан захирагч Владимир Груздев тодорлоо. Тэрээр жижиглэн худалдааны “Седьмой континент” нэртэй сүлжээг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаад 2007 онд өөрийн эзэмшдэг хувиа тэрбум ам.доллараар зарж, ашиг орлогын татвар болгон 120 сая ам.долларыг улсдаа тушааж байжээ.

Тула мужийн захирагч болсноосоо хойш эрс шинэчлэл хийнэ гэж амласан. Ингээд эхний ээлжинд өөрийн мөнгөөр хүүхдийн тоглоомын талбай бариулжээ. Зөвхөн энэ жил гэхэд л зуу гаруй тоглоомын талбай угсрах аж.Энэ хүний жилийн орлого нь 7,8 тэрбум рубль буюу 258 сая ам.доллар.
Оросын хамгийн баян улстөрчдийн жагсаалтын хоёрдугаарт 4,4 тэрбум рублийн орлоготой Төрийн Думын гишүүн Григорий Аникеев орж. Тэрээр “ABI Product” мах боловсруулах компаний эзэн. Энэ компани нь зөвхөн өнгөрсөн жил 128 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Гуравдугаарт нь Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Андрей Гурьев орсон байна. Энэ хүн дөрвөн тэрбум рублийн ашиг олжээ. Тэрээр жүдогийн дасгалжуулагчаар ажиллаж байсан ч 1990-ээд оны дундуур алдарт ЮКОС-ын хөрөнгийг хянадаг компанид ажиллах болсон. Одоо “Фосаргро” компанийг гэр бүлийн гишүүдийн хамт хянадаг. Энэ компани нь фосфорын бордооны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг. Өнгөрсөн жилд 22 тэрбум рублийн цэвэр ашигтай ажилласан компани.

Дөрөвт нь Оросын Төрийн Думын гишүүн Николай Борцов жагсав. Тэрээр жилийн дотор 3,6 тэрбум рублийн ашигтай ажиллаж чадсан байна. Зөвлөлтийн үед даргаар нь ажиллаж байсан лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрээ хувьчлалын үеэр өөрийн болгоод ОХУ-ын хамгийн том жимсний шүүс үйлдвэрлэгч болгож дөнгөсөн хүн. 2008 онд үйлдвэрээ “Pepsico” компанид 1,4 тэрбум ам.доллараар зарсан.

Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Андрей Молчанов жагсаалтын тавдугаарт бичигдэж. Тэрээр 3,4 тэрбум рублийн ашигтай ажилласан. Их сургуулиа төгсөөд барилгын компани байгуулсан нь явсаар Оросын хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч болж томорсон юм. Энэ компани нь 2011 онд хоёр тэрбум рублийн цэвэр ашигтай ажилласан байна. Хувьдаа 5000 ам км газартай, Италид хувийн орон сууцтай.

Зургаад нь Оросын Тө­рийн Думын гишүүн Борис Зубицкий оржээ. Тэрээр гурван тэрбум рублийн ашиг орлоготой байж. Анх кокс химийн үйлдвэр дээр ердийн слесариар ажлын гараагаа эхэлж байсан. Ардчиллын үед үйлдвэрийн эзэн болж төмөр боловсруулалтын асар том компанитай болтлоо амжилтад хүрсэн. Энэ үйлдвэр нь жилдээ тэрбум гаруй рублийн цэвэр ашигтай ажилладаг.
Төрийн Думын гишүүн Сергей Петров долдугаарт орсон байна. Тэрээр жилийн дотор 1,9 тэрбум рублийн ашиг олсон. Анх байлдааны нисгэгч байсан. Хожим нь машин зардаг компани байгуулсан нь хойд хөршийн хамгийн том машин борлуулагч компани болсон юм. Жилдээ дөрвөн тэрбум рублийн цэвэр ашигтай ажилладаг компани. Гэхдээ тэрээр өөрийн мэдүүлэгтээ хувьдаа машин байхгүй гэсэн байдаг.

Наймдугаарт Холбооны зөвлөлийн гишүүн Николай Ольшанский жагсч байна. Тэрээр бүр Зөвлөлтийн үед л Эрдэс бордооны яамны сайд байсан. Ардчиллын үед “Эрдэс бордоо” үйлдвэрийн эзэн болж, 2011 онд түүнээ 1,3 тэрбум ам.доллараар зарсан. Жилдээ 1,9 тэрбум рублийн ашигтай ажилладаг.
Есдүгээр байрт шатдаг хий олборлодог “Новатэк” компанийг үндэслэгч Леонид Симановский гэгч орсон байна. Оросын Төрийн Думын гишүүн тэрээр жилдээ 1,9 тэрбум рублийн ашигтай ажилладаг. Харин аравдугаар байрт яваа Виктор Пичугов нь жилдээ 1,9 тэрбум рублийн ашигтай ажилладаг. “Аганнефтегазгеология” компанийн эзэн. Эдгээр хүмүүс нь Орост эрх барьж байгаа Нэгдсэн Орос намын гишүүд юм. Үүнээс болоод энэ намыг мөнгөө багтааж шингээхээ мэдэхээ байсан их зантай баячууд, луйварчдын нам гэж шүүмжлэх нь олонтаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан