"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анхнаас нь гэрчээр мэдүүлэг авах гээгүй. Түүнийг сэжигтнээр дуудаж, холбогдох ажиллагааг хийсэн байгаа. Өнөөдрийн хувьд Прокурорын дуудах хуудсаар дахин дуудаж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах ажиллагаа хийгдэх байсан. Би олны танил, олон дагагчтай гэдэг утгаараа шалгуулахгүй байх, хуулийн байгууллага дуудахад ирэхгүй байх эрхзүйн зохицуулалт байхгүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:
-Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Unurtsetseg Naran цахим хаягаас олон нийтийн сүлжээнд илтэд худал мэдээлэл тарааж шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдахаар нөлөөлсөн байж болзошгүй үйлдлийг шалгуулах гомдол ирүүлсэн асуудлыг Улсын ерөнхий прокурорын газраас Мөрдөн байцаах албанд харьяалал тогтоосон. Үүний дагуу Мөрдөн байцаах албаны мөрдөгчөөс хууль заасан үндэслэл журмын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг удаа дараалан дуудсан боловч “Би ажилтай байна” гэдэг шалтгаанаар ирээгүй. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүлээцтэй хандаж байсан.
Гэсэн ч Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гомдол, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын хэрэг нь хуулийн хугацаатай байдаг. Тодорхой хугацаанд шийдвэр гаргах эрхзүйн зохицуулалттай байдаг. Ингээд ШЕЗ-өөс ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэнтэй холбогдуулан тухайн иргэнийг удаа дараа дуудсан боловч ирээгүй учраас Прокурорын дуудах хуудсаар 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр 15 цагт сэжигтнээр дуудаж, холбогдох ажиллагааг хийсэн байгаа.
Өнөөдрийн хувьд Прокурорын дуудах хуудсаар дахин дуудаж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах ажиллагаа хийгдэх байсан. Н.Өнөрцэцэгийн хувьд энэ асуудалд анхнаасаа гэрч байгаагүй. ШЕЗ-өөс ирүүлсэн гомдолд тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шууд нэр заасан учраас гэрчээр дуудан мэдүүлэг авах хууль зүйн зохицуулалт байхгүй.
Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа. Тухайн иргэний хувьд прокурорын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорын байгууллагад өөрөө гомдол гаргах, хянуулах эрхтэй. Би олны танил, олон дагагчтай гэдэг утгаараа шалгуулахгүй байх, хуулийн байгууллага дуудахад ирэхгүй байх эрхзүйн зохицуулалт байхгүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байдаг гэв.