Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхээс оноосон ял худлаа болдог тухай

 

Шүүхээс оноосон ял худлаа болдог тухай

"Хэрвээ одоо хэн нэгэн судлаач санаачилга гаргаж (эсвэл төр өөрөө тоо баримтаа дэлгэж) эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд шүүхээр оноосон ял ба түүний жинхэнэ гүйцэтгэлийн (ялын дэглэм, өөрчлөлт, эдэлсэн хугацаа, суллагдсан огноо, шалтгаан гэх мэт) мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийвэл ихэнх нь ялаа гүйцэт эдэлдэггүй, нэлээдийг нь тэгэсхийгээд суллаад явуулчихдаг нь нотлогдож, бусад хүмүүс цочмоор дүгнэлт гарвал би лав хувьдаа цочихгүй болсон."

Дорноговийн Сайншандад 12 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн алуурчин өнөөдөр тусдаа өрөөнд тухалж, цагаар идэж уугаад, баригдсандаа харамсаж толгойгоо шаагаад (аймшигт хэрэг үйлдсэндээ огт биш, намтрыг нь үзээд хэлж байна), хаана алдаа гаргаснаа (машины өнгө будаг, зугтсан маршрут гэх мэт) эргэж бодоод дотроо бараг гэгээрчихсэн суугаа. Түүнд бүх насаар хорих ял оноох нь одоогийн ба удахгүй нэмэлт өөрчлөлт оруулж чангалах Эрүүгийн хуулийн аль алинаар баталгаатай зүйл. Гэхдээ цаазлуулахгүй, цаашдаа олон жил амьдарна, түүнээс гадна хэзээ нэгэн цагт суллагдах 1 (нэг) хувийн магадлал бий. Хорь, гучин жил өнгөрч охины ар гэрийнхний уй гашуу, уур хилэн мартагдахын хэрээр манайхан хүний эрхийг дээдлэх нь дийлдэхээ больж “олон жил суулаа, шийтгэлээ хангалттай амссан, одоо хүнд хор хүргэж чадахаас өнгөрсөн” хэмээгээд тавьж явуулах магадлал.

Монгол Улс 2010 оноос цаазыг ялыг түдгэлзүүлж 2015 онд Эрүүгийн хуулиас хасч цуцалсан нь юуны өмнө гадагшаа харсан улс төрийн шийдвэр байжээ. Түүнээс биш дотоодод уриа лоозон цуурайтаж жагсаал цуглаанаар шахаж шаардсан явдал үгүй. Хүмүүнлэг ардчилсан, олон улсын гэрээ конвенц, хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг гэх мэтээр. Харин хуулийнхан болохоор цаазын ялтай байлаа гээд хүн амины хэргийн тоо буурдаггүй нь нотлогдсон учраас гэдэг

Тэгвэл бид ганцхан асуултад хариулах ёстой: Алуурчны гарт амиа алдсан хүний хувьд “үхсэний хохь” гээд үл тоомсорлож болох ч тэдний ар гэр, ойр дотны хүмүүст Монгол Улсын гэмт хэргийн статистик үзүүлэлт хэдэн тоогоор дээш доош хөдлөх эсэх ямар хамаатай юм бэ? Ашгүй, төдөн хувиар сайжирчээ гээд тайвшрах ёстой юу?

Шүүхийн алдаанаас болж гэмгүй хүнийг цаазалсан байвал яах уу гэдэг. Тийм магадлалтай гэж үзвэл 10, 20, 30 жилээр хойшлуулж байгаад гүйцэтгэхээр ял оноож болохсон.

Монгол Улс нэгэнт цаазын ялгүй болсон, буцаах аргагүйг эсэргүүцээд нэмэргүй, гэхдээ үүний араас, доошоогоо бусад гэмт хэргийн шийтгэл суларч, юм л бол хөнгөрүүлэх, багасгах, өршөөх хандлагатай болсон санагдана. Тухайн хэргийн санаа, сэдэл, нөхцөл, хор уршиг энэ бүгдийг мөрдөн байцааж прокурор хянаж, шүүхээр хэлэлцэж, давж заалдвал хэдэн шат дамжлагаар оруулж дэнслээд эцэстээ яг тоо, дэглэм заасан ял шийтгэл дээр тогтож гэмт хэрэгтнийг шоронд илгээдэг. Харин эргээд харахад тэднийг бараг толгой дараалан, шүүхийн шийдвэрт заасан хугацааг танасан бага ялыг эдлүүлж сулласан байх юм. Магадлангаар ороод, ялыг сольсон, сайн ажилласан, засарч хүмүүжсэн, бараг л сайн хүн болсон (юугаар яаж нотолдог юм бол?) гэх мэтээр. Саяын алуурчинг яг тэгсэн.

Үүнээс гадна Монгол Улсын Их хурал, цаана нь улс төрчид 1990 оноос хойш нийт 6 удаа эрүүгийн өршөөл зарлаж хэрэгжүүлжээ. Ямар нэгэн тэмдэглэлт ойн нэр барьдаг ч цаанаа сонгуультай холбоотойгоор сайхан аашилсан байдаг. Тэгснээ эрүүгийн хууль шоронжсоныг залруулсан, ялтнуудын тоог цөөрүүлж бараг буян үйлдсэн утгатай тайлбар хийдэг. Нөгөө асуултаа дахин тавья. Энэ бүхэн гэмт хэрэгтнүүдийг баярлуулах шалтгаан боллоо гэхэд Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой хохирогчдын ард үлдсэн хүмүүст ямар хамаатай, хорих байгууллагын ачааллыг бууруулахын төлөө тэд яагаад нэг ёсны золиос гаргах ёстой вэ?

2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эрүүгийн өршөөлийн хуулийг УИХ-аар баталж хэрэгжүүлснээр мянга гаруй хүнийг шоронгоос суллаж, дахиад мянгаад хүний ялыг хасахдаа 7-р сарын 1-ны үймээн дэгдээгчдийн ялыг яаж ийгээд цайруулах санаа сэдэл давамгайлсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан эрүүгийн хэргийг хүртэл хэрэгсэхгүй болгосон зэргээс болж эмх замбараагүй өршөөл болон хувирч суллагдсан хүмүүсээс лав гурав нь хүн амины хэрэг үйлдсэн байдаг. Хамгийн аймшигтай нь Булган аймгийн Тэшиг суманд нутаг усныхандаа аймшиг төрүүлдэг байсан, ашгүй шоронд явж амраасан мунаг эр буцаж ирэнгүүтээ саяынх шиг бяцхан охиныг хөдөө гэрээс нь хулгайлж хөнөөсөн. Энэ хүнийг өршөөх ёсгүй байжээ, алдаа гарлаа гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн өөрсдөө хүлээн зөвшөөрснийг санаж байна.

Монгол Улсын Их Хурал бөөн хууль ёс, сүр сүлд болж хууль батлаад түүнийх нь дагуу шүүхээр оноосон ялыг өршөөдөг нь миний нэг их сайн ойлгодоггүй олон зүйлийн нэг. Ядахдаа хохирогчдын ар гэрээс асуусан болж харагддаггүй, тэдэнд огт мэдэгддэггүй.

Эрүүгийн гэмт хэрэгтэнд шүүхээр ямар ял оноосныг зарладаг, хохирогчийн тал мэдэж авдаг байх, харин яг хэдэн жил суусан, хэзээ чөлөөлөгдсөнийг мэдэх боломж бараг үгүй, одоо хувь хүний нууцаар халхлаад бүрэн хаалттай болгожээ. Зөвхөн тохиолдлоор, жишээлбэл хохирогчийн ар гэрийнхэн гудамжинд санаандгүй тааралдаад таньсан байдаг. Хэрвээ тэгээгүй бол мэдэх ч үгүй өнгөрнө. Иргэн Н.Мэндбилэг “Миний төрсөн дүүг онц хэрцгийгээр хөнөөсөн хүн 22 жилийн ял авчихаад 14-хөн жил суугаад эрх чөлөөтэй явж байна! Ялыг нь бүтэн эдлүүлдэг болмоор байна” гэж нийгмийн сүлжээнд уйлж хайлан ярьсныг өчигдөр уншаад энэ бүхнийг бичиж сууна.  

Хэрвээ одоо хэн нэгэн судлаач санаачилга гаргаж (эсвэл төр, засаг тоо баримтаа дэлгэж) эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд шүүхээр оноосон ял ба түүний жинхэнэ гүйцэтгэлийн (ялын дэглэм, өөрчлөлт, эдэлсэн хугацаа, суллагдсан огноо, шалтгаан гэх мэт) мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийвэл ихэнх гэмт хэрэгтэн авсан ялаа гүйцэт эдэлдэггүй, нэлээдийг нь тэгэсхийгээд суллаад явуулчихдаг нь нотлогдож, бусад хүмүүс цочмоор дүгнэлт гарвал би лав хувьдаа цочихгүй болсон.

Эрүүгийнхээс гадна татварын өршөөл гэж байдаг. Эхлээд 2007-2008 онд татварын хавтгайрсан өршөөл явуулсан хэрнээ хэдхэн жилийн дараа, 2015 онд эрх баригч хоёр нам хавсайдаж байгаад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу нэрнээсээ эхлээд илт залилангийн шинжтэй өршөөлийн хуулийг баталж хэрэгжүүлсэн юм.

Дэлхийн улс орнуудад татварын өршөөл байдаг, гагцхүү хүү, торгууль алданги зэрэг шийтгэлээс чөлөөлдөг болохоос биш төлөх ёстойг заавал төлүүлдэг бол манайх хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогын албан татвар, гаалийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлбөр зэргийг бүгдийг, залхууралгүй тоочиж байгаад нэгийг ч үлдээхгүйгээр, хүү, торгууль, алдангитай хамт, тоо хэмжээ, учир шалтгаан, ноцтой ноцгүй, цэвэр бохир мөнгө эсэхийг үл харгалзан хавтгайд нь бүрмөсөн чөлөөлсөн.

Энэ хуулийг захиалсан олигархууд олон жилийн өмнөөс бэлтгэж сая сая доллар, тэрбум тэрбум төгрөгөө олон жилээр төлөхгүйгээр зориудаар унжин хүлээж байгаад авч үлдсэн нь багадаад энэхүү өршөөлийн явцад төрд очсон бүх мэдээлэл, нэр ус, тоо хэмжээг нууцлах, хэн нэгэн ил болгочихвол шоронд суулгах заалтыг оруулж ул мөрөө балласан. Хуулийн анхны төсөлд бүр нууцлаад зогсохгүй “устгах” (яг энэ үгээр) гэснийг олон нийт эсэргүүцээд болиулсан. Устгасан ч байхыг үгүйсгэхгүй. Түүнээс өмнөхөн прокурорын байгууллага баахан хэргийн материалыг “андуураад устгасан байна лээ” гэж Ерөнхий прокурор Д.Дорлигжав ярьж зогссоноос үзэхэд төрд байдаг л явдал.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг хэрэгжүүлснээр татварын бааз суурь өргөжөөгүй (хожим аажмаар нэмэгдсэн нь НӨАТ-ийг өргөн нэвтрүүлсэнтэй холбоотой), улмаар хууль дээдлэх ёс алдагдаж, зах зээлд шударга биш өрсөлдөөн өрнөсөн, бусад олон сөрөг үр дагавар гарсны заримыг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нэг биш удаа ярьжээ. Энэ албан тушаалд очоод бага сага юм үзэж хараад жинхэнээсээ цочсон биз.

Дараачийн сонгууль дөхлөө. Улс төрчдийн нүд хайр халамжаар дүүрэн гэрэлтэж эхэлсэн. Ядаж орон шоронгийн зүгт бага хараасай. Цахилгааны мөнгө, өр зээл, замын хөдөлгөөний дүрмийн торгууль гээд юу тааралдсанаа өршөөдөг энэ хүмүүс аюултай.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан