Нийслэлийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхэлнэ.
Цэрэг татлагын арга хэмжээтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд заасан Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчил их гардаг. Тухайлбал, энэ оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үеэр Хан-Уул дүүргийн хэмжээнд 91 хүн дээрх төрлийн зөрчлийн хэрэгт холбогдож, шийтгэл хүлээсэн байна.
Тиймээс тус дүүргийн прокурорын газраас Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 200 гаруй оюутнуудтай уулзалт хийж, хугацаат цэргийн албанд татагдсан 18-25 насны эрэгтэйчүүд ямар үүрэг хүлээдэг талаар мэдээлэл өгчээ.
Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.