Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Нямбаатар: Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаар танилцуулсан байна. Энэ талаар дараах мэдээллийг өглөө.

Х.НЯМБААТАР:

-Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлтэй холбоотойгоор 27 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Нийт хүн амын 43 хувь нь 0.3 хувь дээр амьдарч байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 680 мянган тээврийн хэрэгсэл байна. 2022 онд гаалийн хилээр 99 мянган тээврийн хэрэсгэл орж ирснээс 94283 тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар  хотод бүртгэгдсэн, замын хөдөлөгөөнд ачаалал нэмсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянган тээврийн хэрэгслээр мөн хөдөлгөөн нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто авто замыг өргөтгөх чиглэлээр жил болгон улс нийслэлийн төсвөөс замын сүлжээг өргөтгөх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ирсэн. Энэ хурдаар жил болгон хэчнээн зуун км зам нэмж тавиад ч түгжрэлийг бууруулахгүй гэдэг нь харагдаж байгаа.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэл Улаанбатаар хотын авто замын даацад тааруулж, авто машины дугаар олголтын дээд хязгаарыг  НИТХ-аанаас батлах.

Одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэдийн хувьд өөрийн автомашины дугаараа бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчин бүрдүүлье.

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины дугаарыг салгаж бусдад худалдаалах, хөдөө орон нутагт худалдан боруулах эрх зүйн орчинг бий болгох агуулгатай хуулийн төслийг оруулж ирлээ.

Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалт орж ирсэн. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах ажил хийгдсэн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ голын орчим, Баянзүрх дүүргийн Натур худалдааны орчмын орон сууцны барилга нь хамгийн төлөвлөлтгүй бетонон ширэнгэн орон сууцны хорооллыг үүсгэсэн. Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол мөн ерөнхий төлөвлөгөө хотын стандартгүйгээр бетонон ширэнгэ үүсгэлээ.

Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайтай байгаа Дөлгөөн нуур орчим бетонон ширэнгэ болгон алдаж байна. Цаашлаад Дэнжийн мянга руу төлөвлөлтгүй бетонон ширэнгийн  барилга үргэлжлэх нь.

Тийм учраас цаг алдалгүй, Улаанбаатар хотын барилгажилт, ерөний төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн  1500 гаруй нэгж талбар бүхий барилгажуулалтын ажлыг хязгаарлах, царцаах. Нэгэнт төрөөс олгосон зөвшөөрөл бүхий газруудыг, хотын ерөнхий төлөвлөгөө бүхий газруудыг шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагаж байгаа хуулийн төслөөр оруулж ирж байна.

Агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа.

Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын шийдвэрээр зуслангийн газар олгож байгааг зогсоохоор шийпдвэрлэлээ.

Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо. Энэ нь  төвийн зургаан дүүрэгт хамааралтай. Захын гурван дүүрэгт хамааралгүй. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Засаг дарга нь газар олгоход асуудалгүй, үргэлжилнэ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн Засаг дарга газар олгохгүй.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгоно.

  • Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор газар олгоно.
  • Хоёрт, эмнэлэг, сургуулть, цэцэрлэг барих зориулалтаар газар олгоно.
  • Гуравт, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгжүүлэх зорилгоор газар олгоно.
  • Дөрөвт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олголт хийгдэнэ. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд бүртгэгдсэн ААН-тэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт хийнэ.
  • Тавд, царцаагдсан барилга байгууламжид урьд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах зорилготой хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийх зохицуулалт хийж байна гэлээ.

Мөн “Тулгамдаж байгаа том асуудал худалдан авах ажиллагаа. Саяхан нийтийн тээврийн автобус худалдан авалттай холбоотой харилцаанаас болж олон албан тушаалтан чөлөөлөгдөж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. Худалдан авах ажиллагаанд гарсан алдааны нэг нь зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдсэн.

Тендерийн бичиг баримт, стандартыг боловсруулах ажлыг шинэчлэгдэх хуульд мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Үнэлгээний хороод сонгон шалгаруулалтаа хийнэ. Нийслэл болон дүүргийн худалдан авах ажиллагааны газрын зарим орон тоог цомхотгохоор хуулийн төсөлд тусгаж байгаа.

Дараагийн асуудал том төсөл хөтөлбөрүүд газар чөлөөлөлтөөс болж зогсонги байдалд орсон. Газар чөлөөлөлттэй холбоотой үнийн дээд хэмжээ зэрэг харилцааг хуульд нарийвчлан тусгаагүйгээс орон сууц, инженерийн шугам сүлжээ татах, зам барих ажил зогсож байна.

Газар чөлөөлөлттэй холбоотой томоохон зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулж байна. Тухайлбал тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, ААН, байгууллагын 65 хувиас дээш дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төрөөс тэр дор нь өгөх зохицуулалтыг оруулсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж сүүлийн 20 жил ярилаа. Харамсалтай нь өнөөдөр дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орох оронгүй болсон. Төлөвлөлтийн ажил яваагүйд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хотоос нэгдсэн журмаар газрыг нь чөлөөлж, айлуудын хашааг орон сууцаар солих хэлбэрийг хуулийн төсөлд тусгалаа.

Инженерийн шугам татсан гэр хорооллыг орон сууцжуулахад бэлэн болсон бүсүүдэд иргэд, ААН-үүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авбал газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж байна. Үүнд:

  • Газрыг бэлэн мөнгөөр сольж, худалдаж авах
  • Түр орон сууцанд шилжүүлж, тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх
  • Бэлэн орон сууцаар газар, обьектыг солих гурван нөхцөлтэй.

Эдгээр ажлыг хийхгүйгээр агаарын бохирдол болон авто замын түгжрэлээс салах боломжгүй нь өмнө нийслэлд хийгдсэн судалгааны үндсэн дээр дүгнэлтэд хүрсэн.

Мөн хотын дүрэм, стандартыг хуульчилж байгаа. Жишээ нь орон сууцны нэг давхрыг үйлчилгээний зориулалттай болгохыг хориглоно.Төв магистраль гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй болгоно. Тухайлбал,  Улаанбаатар хотын А бүсэд, гудамжны нэгдүгээр эгнээнд Вьетнам засварын газар инженерийн шугам сүлжээнд холбогдолгүй үйл ажиллагаа явуулж буйг хориглоно гэсэн үг.

Нийтийн тээврийн стандарт, метро зэрэг төрөл хэлбэрүүдийг нэвтрүүлэхтэй холбоотой харилцаануудыг хуулийн төсөлд оруулж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ерөнхий сайд энэ асуудлаар яамдаас санал авахаар болсон. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан